“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн оролцогч, бүжигчин, МУСТА, олноо сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчирын бүжгийн хамтрагч гэдгээрээ танигдсан Б.Халиуныг танихгүй хүн ховор.

Тэрээр өндөр өсгийттэй бүжиглэх бүжгийн урлагийг Монгол Улсад хөгжүүлж буй нэгэн юм. Цэцэрлэгт байхаасаа бүжиглэсэн тэрээр багадаа “Хүүхдийн ордон”-ы бүжгийн дугуйланд явдаг байжээ. Улмаар аав нь түүний 2007 онд Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангид шалгалт өгөхийг санал болгож, тухайн жилдээ элсэн орж, 2012 онд ардын бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн аж.


Тэрээр бүжиглэхээс гадна боксоор хичээллэдэг аж. Сайхан биетэй байхын нууц нь дан ганц бүжиглэх биш бололтой. Энэ тухайгаа тэрээр “Кик боксоор хичээллээд хоёр жил болж байна. Кик бокс хурд хүч, дайчин чанарыг маань сэргээж, эрч хүчтэй болгодог.
Мөн ачаалал даах чадварыг нэмдэг учраас хичээллэх дуртай. Жингээ барихад ч их тусалдаг” гэжээ.