Сонгогдохгүй гэдгээ мэддэг ч УИХ-ын сонгуульд алгасахгүй нэр дэвшиж бүдэрдэг хүн бол Х.Бат-Ялалт. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээс 200 сая төгрөг нэхээд бүтээгүй тул сонгуулийн сурталчилгаанд дутаад байсан 50 сая төгрөг дансаар авсан байдаг. Тэрбээр энэ хэрэгтээ 2020.07.24 ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бургуутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээ буцаасан ч Х.Бат-Ялалт хойшлуулснаар өнөөдөр түүний гэм буруутай эсэхийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 13:30 цагт дахин хэлэлцэнэ.

 

Х.Бат-Ялалт гэж хэн бэ?

Х.Бат-Ялалт нь Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суудаг. Улсаас авсан гавъяа шагналгүй. Харин урьд нь ял авч байсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай нэгэн ажээ.

 

Шүүхийг үл хүндэтгэгч

Шүүх хурал хойшлох хэд хэдэн шалтгаан байдаг. Тэр бүрт ял авах нь тодорхой болсон гэмт этгээд нарсанд биш наранд байх нь гэж баярладаг. Үүн шиг санаа зорилго Х.Бат-Ялалт өвөртөлсөн байж болзошгүй үйлдлийг удаа дараа гаргасан.

Тэрбээр бусдыг сүрдүүлж мөнгө авсан энэ хэргийн шүүх хуралдааныг  2020 оны 04 дугаар сарын 24, 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 06 дугаар сарын 17, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус хойшлуулж, дахин товлож шүүхээр “даажигнасан”.  Нөхөн сонгуулийн өмнө шүүх хурал нь дахин зарлагдсан ч яаж ийж байгаад л хойшлуулж дөнгөсөн. Тодруулбал, Гэм буруутай эсэхийг нь хэлэлцэх  шүүх хурал  2021.08.23 ны өдөр хуралдах байсан боловч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан шалтгаанаар 2021.10.12 ны өдрийн 11:00 цаг эхлүүлэхээр хойшлуулсан байна.

Ингэхдээ  шүүх хуралдаанд Х.Бат-Ялалт нь эмнэлэгт хэвтэх, өмгөөлөгч авах, өмгөөлөгч шинээр авах, хэргийн материалтай танилцах, цагдан хорих байрнаас ирэхгүй байх зэрэг хуульд заасан шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлуулж чадсан.

Өнөөдөр болох шүүх хурлаа ч тэрбээр хойшлуулахаар зэхэж байгаа гэх. Бусдыг шударга байхыг шаарддаг ч өөрөө шүүхийн өмнө шударгаар гэм буруугаа хүлээж чадахгүй шүүхийг үл хүндэтгэж,

Х.Бат-Ялалт ямар хэрэг үйлдэв?

“Иргэдийн шударга шүүх” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200,000,000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж улмаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкан дахь 5014… дугаартай дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь нотлон баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Х.Бат-Ялалт 200 саяыг нэхээд 50 сая төгрөг сүрдүүлэн авсан хэрэгтээ 15.6 сая төгрөг төлөх ялаар шийтгүүлэв

Уг хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудыг үндэслэн  “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, Х.Бат-Ялалт “Говь” ХХК-ний гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200 000 000 төгрөг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5014…  дугаартай дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан зэрэг үйл баримтуудыг нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн түүхтэй.

Х.Бат-Ялалтын үйлдсэн энэ хэрэг нь гэмт хэргийн ХҮНДЭВТЭР ангилалд хамаарч байгаа.

Улсын яллагчийн зүгээс Х.Бат-Ялалтад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулах санал гаргаж байв.

Харин шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхээс өнөөдөр энэ хэргийг дахин хэлэлцэхдээ ямар шийдвэр гаргасан талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа