Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт хохирогчийн өмгөөлөгч гаргажээ.

Баттай эх сурвалжуудаас бидэнд өгсөн мэдээллээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхмаагийн өмгөөлөгч О.Санчирбал нэмэлт ажиллагаа хийлгэхийн тулд мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт хэрэгт хяналт тавьж буй Хан-Уул дүүргийн Прокурорын газрынханд гаргасан юм байна. Үүнийг нь хяналтын прокурор нь хүлээн авч, хүсэлтэд дурдсан асуудлуудыг дахин шалгах ёстой гэж үзээд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасагт буцаасан аж.

Н.Түвшинбаярын хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны 20.30 цагийн үед Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, “Наяд” төвийн 905 тоот өрөөнд согтуудаа нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг архины шилээр зодон гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан билээ.

Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 24-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлээд байсан юм.