Аймгийн ИТХ-ын Ээлжит бус III хуралдаан гурван өдөр үргэлжилж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаас гарсан онцлох шийдвэрүүдийг хүргэж байна.

1. “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг баталлаа

Орхон аймгийн нийт иргэд, хүүхэд багачуудын эх хэлний боловсролыг дээшлүүлж, Монгол бичгийн сургалт, сурталчилгаа, хэрэглээний орчин бүрдүүлэх, албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах зорилгоор “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр Төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын 90 хувь, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдын 40 хувийг үндэсний бичгийн анхан, дунд, гүнзгий шатны мэдлэгтэй болгож, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг бүрэн хангана. Мөн бага анги, монгол хэл бичгийн багш нарын онолын мэдлэг дээшилж, монгол хэлний сургалтын чанарт ахиц гарна гэж үзэж байна. Түүнчдэн иргэд, олон нийтийн эх хэлээ дээдлэх, түүнийг сурч судлах зөв хэрэглэж , өвлүүлэх, хамгаалах, хөгжүүүлэх үйл хэрэгт оролцох оролцоо нэмэгдэж, үндэсний бичгээр хэвлэгдэх ном сурах бичиг, нэвтрүүлэг, уран бүтээлийн тоо өсөж, зар сурталчилгаа, бүтээгдэхүүний хаяг шошгыг Монгол бичгээр бичиж, цахим орчинд үндэсний бичгээр эх боловсруулах хэрэгцээ нэмэгдсэнээр нийгэм, ахуйн хүрээнд үндэсний бичгийн хэрэглээний орчин бүрдэх юм.

2. Уурхайчин, Цагаанчулуут, Говил багт дахин төлөвлөлт хийнэ

Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд хэсгийн гаражийн зориулалтаар ашиглаж байгаа 1.3 га талбай, Цагаанчулуут багийн 7А хорооллын баруун хэсгийн 49-53-р гудамжны 11.9 га талбай, Говил багийн Дэнж, Хонхорын хэсгийн 22.6 га талбайд дахин төлөвлөлт хийхээр боллоо. Дээрх гурван байршилд дахин төлөвлөлт хийснээр хот байгуулалтад нийцсэн, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн тэгш хүртээмжтэй эрүүл аюулгүй орчин бий болж, иргэн хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

3. 2021 оны төсвийн тодотголыг баталлаа

Орхон аймгийн 2021 оны төсвийн орлого давж биелэх, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулж баталсантай холбогдуулан тус эх үүсвэрээр дараах хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн зардлыг санхүүжүүлэхээр төсвийн тодотголыг баталлаа. Үүнд:

1. Болзошгүй аваарын зардлыг 1,5 тэрбум төгрөгөөр

2. Зураг төсвийн зардлыг 250 сая төгрөгөөр

3. Төрийн үйлчилгээний операторын үйл ажиллагааны зардлыг 8 сая төгрөгөөр

4. Онцгой байдлын комиссын зардлыг 2,0 тэрбум төгрөгөөр

5. Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны зардлыг 56,9 сая төгрөгөөр

6. Орон нутгийн төсвөөс Улаан загалмайн хороонд олгох дэмжлэгийн зардлыг 37,0 сая төгрөгөөр

7. “Өндөр ёс зүйтэй-өөдрөг Эрдэнэт” хөтөлбөрийн зардлыг 20 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр боллоо.

Мөн Уртын гол багт орон сууц барих, Баянцагаан багийн нэгдсэн төвийг инженерийн шугам сүлжээнд холбох, Номын өргөө барих, 1А хороололд сургууль, цэцэрлэг барих хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх зэрэг олон хөрөнгө оруулалтын ажлыг шинээр санхүүжлүүлэхээр төсвийн тодотголд тусган баталлаа.