XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган “Ньюс” хамтлагийн ахлагч М.Амарсанааг “Алтангадас” одонгоор шагнав.


М.Амарсанаагийн аав нь Дорнодын театрт насаараа ажилласан дуучин хүн. Тэр ч бүү хэл Цэргийн ансамблийн “жаран хар”-ын нэг байжээ. Тиймээс урлагийн гэр бүлд өсөж, хүмүүжсэн Амраа хүү багаасаа л дуу, хөгжимд дуртай болсон байна. Алла Пугачева, Майкл Жексон, “Модерн токинг” хамтлагийн дууг пянзаар сонсдог байсан Амраа Дорнодын хүүхдийн “Солонго” чуулгын гишүүн байв. 1984 онд чуулгаараа Улаанбаатар хотод тоглолт хийж, М.Амарсанаа Цэдэнбал Филатовад өөрийн гараар цэцэг өгч байжээ.
Дунд сургуулиа дүүргээд аймгийнхаа театрт хоёр жил ажиллаж байгаад амьдралын эрхээл “гахай” үүрэн хойш, урагш хилийн дээс алхан панз үсэргэх болжээ. Аз болж 1996 онд аймагт нь СУИС-ийн хоёр багш ирж, 70 гаруй хүүхдээс шалгаруулж Д.Өнөрбаатар, М.Амарсанаа нарыг сонгожээ. Гэхдээ нэг хүүхэд элсүүлэх даалгавартай ирсэн учраас “тунасан” хоёртой уулзаж, учир байдлыг нь сонсжээ. Амраа “Би заавал дуучин болох ёстой хүн” гэж тайлбарлаж. Хариуд нь багш нар “Чи наймаа хийдэг бас эхнэр хүүхэдтэй хүн тэрийгээ хийвэл дээргүй юү” гэхэд “Үгүй би дуучин л болно” гэж гүрийсээр багш нар хуралдаж хоёуланг нь тэнцүүлжээ. Хотод хамаатан садангүй учраас оюутан болсон эхний жилүүд нэлээд хүнд байсан гэдэг. Автобусанд “туулайчилж”, эсвэл хоёр зээрдээрээ таваргасаар таван жилийг ардаа орхиж, “Солонгост очиж ажиллаж, амьдралаа дээшлүүл” гэсэн хамаатнуудынхаа зөвлөгөөг сөрөн байж сонгодог урлагт үнэнч үлдсэн цөөн дуучны нэг нь тэр.
Агын буриад залуу өдгөө хүсэл мөрөөдлийнхөө хугасыг биелүүлэн яваадаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид ч илүү ихийг амжуулна хэмээн зорьж явна.