Хүйтний эрч суларч, утаа униар багасаж буй ч ханиад томуу, гэдэсний халдварт өвчин, вирусын гаралтай дэгдэлт буурахгүй байна.

Тэр дундаа бага насны хүүхдүүдийн уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байна. Мөн тусаад хоёр л хоног болоод шууд хатгалгаа болж хүндэрч байгаа ханиад их байгааг мэргэжлийн эмч хэлж байна.

Сая гаруй хүн амтай хотод улсын тодотголтой хүүхдийн эмнэлэг алга дарам цөөн. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бараг л кордор олдвол “дээдийн заяа” гээд хэвтэж байна. Үүний гуравны нэг нь Баянгол дүүргийн харьяалалтай. Учир нь Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүйгээс тус дүүргийн 19 хорооны хүүхэд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг аж. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас 75 хүүхдийн эвхдэг ор дэлгэн хонгилдоо хүлээн авч эмчилж байна.

Боломжтой нэг нь хувийн эмнэлэгт хүрч очих ч мөн л оргүй байна.
Хүүхдийн ханиад, хатгаа тоймоо алджээ. Юун короновирус цаашаа.
Хатгалгаа, ханиадтай хүүхдүүд ор сулартал үүдний хонгилын хүйтэн шалан дээр эсвэл ширээ, сандал гээд хэвтэж болохоор юу л байна түүн дээр хэвтэнэ. Өвчиндөө шаналсан бяцхан хүүхдүүдийг тав тухтай, “сэлүүхэн” эмнэлгээр хангаж чадахгүй байгаа нь харамсмаар. Өвчтэй хүүхдээ эдгээж л байвал хаана ч байсан яах вэ гэж бодон томчууд үрсээ тэврэн аргагүйн эрхэнд газраар зулж хэвтэж байна.
Монгол улсын “эцэг” болсон Ерөнхийлөгч та үүнд анхаарлаа хандуулж, төрийн томчуудаа хөдөлгөж хүүхдийн эмнэлэг бариулж өгөөч, гуйж байна.