Манай улсад зээл авч байгаа иргэн бүр зээл олгож буй арилжааны банканд зээлийн шимтгэл төлдөг. Тэгвэл арилжааны банк хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, зээл судалсны шимтгэл хэмээн олгож буй зээлийн дүнгийн 1% -ийг биднээс авч байгаа нь хууль бус гэдгийг 3 шатны шүүх үзжээ.

Банк зээлдэгчээс зээлийн шимтгэл авах нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Д.Энхзулаас тодрууллаа.

Тэрбээр “Шимтгэлийн асуудлыг иргэний эрх зүйн талаас нь авч үзэх ёстой. Банкны боловсруулсан зээлийн гэрээнд шимтгэлийн талаарх зохицуулалтыг тусгасан байдаг. Банк, бусад зээл олгогч санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний дийлэнх нөхцөл нь гэрээний стандарт нөхцөл байдаг. Үүнд шимтгэлийн талаарх зохицуулалт ч хамаарна. Хэрэв энэхүү стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус бол зээлийн шимтгэл тооцож авсаныг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл зээлдэгч шимтгэл нэрээр төлсөн мөнгөө банкнаас буцаан шаардах эрхтэй болох юм.

Иргэний хуулийн 200-р зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заасан байдаг. Энгийнээр тайлбарлавал аж ахуй эрхлэгч байгууллагын зүгээс олон тоогоор байгуулагдах гэрээнд зориулан стандарт нөхцөлийг урьдчилан бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн гэрээний хувьд бус харин тухайн төрлийн гэрээнд байнга хэрэглэгдэх шинжтэй байхаас гадна Мөн нэг талаас тогтоосон буюу талууд тухайн нөхцөлийн талаар харилцан тохиролцож тогтоогоогүй байх ёстой. Энэ тохиолдолд тухайн нөхцөлийг стандарт нөхцөл гэж үзэх юм.
Зээлийн гэрээнд тусгасан байдаг зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар тооцон шимтгэл авах талаарх нөхцөл нь дээр дурдсан стандарт нөхцөлд хамаарна. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас тогтоосон энэхүү нөхцөлийг зээлдэгч өөрчлөх, гэрээнээс хасах боломж байхгүй буюу үүнийг зөвшөөрснөөр зээлийн гэрээ байгуулагдах боломжтой байдаг.
Гэрээний нэг хэсэг болох зээлийн шимтгэлийн талаарх гэрээний стандарт нөхцөл нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байхаас гадна маргаан бүхий тохиолдолд шүүх агуулгын шалгалт хийж хүчин төгөлдөр эсэхийг тогтоодог.
Гэрээний стандарт нөхцөлийг гэрээний нэг тал урьдчилан тогтоодог тул өөрт ашигтай нөхцөлийг бүрдүүлэх, улмаар нөгөө талд хохиролтой байдлаар гэрээ байгуулах зэрэг сөрөг нөлөө бий болох боломжтой учраас гэрээний нэг талд бүрдсэн давуу байдлыг нөгөө талын ашиг сонирхолтой тэнцвэржүүлэх зорилгоор Иргэний хуулийн 200-202 дугаар зүйлд стандарт нөхцөлд тавигдах агуулгын болоод хэлбэрийн шаардлагыг тусгасан байдаг.
Хэлбэрийн шаардлагын хүрээнд стандарт нөхцөлийг тогтоож буй тал нь нөгөө талдаа тухайн нөхцөлтэй танилцах боломжийг бий болгосон эсэхийг шалгадаг. Танилцах боломж олгосон байдал нь гэрээний стандарт нөхцөлийг гэрээний нөгөө талд гардуулах, илгээх, уншиж өгөх зэрэг ямар ч хэлбэрээр хэрэгжих боломжтой бөгөөд үүний үр дүнд гэрээний нөгөө тал гэрээ байгуулах эсэх шийдвэрийг гаргахад стандарт нөхцөлийн талаар бүрэн дүүрэн ойлголт авсан байх ёстой. Банкны хувьд зээл олгох нөхцөлийн талаар өөрийн цахим хуудсандаа байршуулдаг бөгөөд сонирхол бүхий этгээд энэ байдлаар танилцах боломжтой байдаг. Түүнчлэн зарим тохиолдолд зээлийн эдийн засагч зээл олгохдоо шимтгэл авах талаар зээлдэгчид мэдэгдсэн байдаг. Иймээс зээлийн шимтгэл авах тухай гэрээний стандарт нөхцөл нь хэлбэрийн талаасаа шаардлага хангаагүй байх нь ховор юм. Хэдийгээр хэлбэрийн шаардлага хангасан ч агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх буюу шүүхээс хэрэгжүүлэх агуулгын шалгалтаар хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож болно” гэв.