Өнөөдөр долдугаар сарын 1. Монголын түүхэнд гунигтай, энэ “хар” өдөр хуанлийн хоногийн дарааллаар сарын эхэн гэдгээр бус, улсын наадмын сайхан өдрүүдээс илүүтэй сэтгэлд тод буудгийн учир юу вэ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс үүдэлтэй гэх энэ өдрийн үйл явдал, үймээн самуунаас хойш долоон жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу болов, юу өөрчлөгдөв өө. Товчхон сийрүүлье

 

1.Үймээний улмаас дөрвөн сайхан залуу буудуулж амиа алдсан. Энэ бол хөдөлшгүй үнэн.

2.Иргэд рүүгээ буудсан цагдаа, буудах тушаал өгсөн албан тушаалтныг олсон уу, олоогүй. Буудах, галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгсөн байж магадгүй гэдгээр тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг ялласан, шүүсэн. Тэд “хэрэг”-ээ хүлээгээгүй. Гэхдээ ял авч хоригдоод одоо бүгдээрээ суллагдсан. Галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгсөн албан тушаалтныг ч, буудах тушаал өгсөн цагдаагийн удирдлагыг ч, яг буудсан цагдааг ч бат нот олж тогтоож чадалгүй долоон хавар өнгөрлөө.

3.Тухайн үед Төрийн ордон, МАН-ын Цагаан байрнаас сонгуулийн дүнг өмгөөлсөн дарга нар, буюу талбай дээрээс сонгуулийн дүнг эсэргүүцсэн тэмцэгчид өнөөдөр суудлаа сольжээ. Нэг талаас тэр үеийн дарга нар, нөгөө талаас тэмцэгчид буюу нэмэгдэхүүний байр өнөөдөр солигдсон ч нийлбэр өөрчлөгдөж долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үнэн тодорсонгүй.

4.Буудах тушаал өгсөн дарга, буудсан цагдааг хайсан, олоогүй. Тэгвэл ерөөсөө энэ өдрийн жагсаалыг анх зохион байгуулсан, тэгсэн хэрнээ жагсаалаа хяналтдаа байлгаж, барьж чадаагүй хүмүүс нь хариуцлагаа хүлээсэн үү. Хариуцлага хүлээлгэх нь битгий хэл, тийм хүмүүсийг хайж байна гэж дуулаагүй.

5.Энэ өдрийн жагсаалын эхэнд явсан нь өнөөдөр албан тушаалд хүрцгээсэн, байшингаа шатаалгасан нь төсвийн дэмжлэгээр илүү сайхан ордонтой болсон.
Энэ бүхэн долоон жилийн дараахь үр дүн. 2008 оноос хойш долоон жил өнгөрөхөд ард түмэн дөрвөн халуун аминаас өөр үнэнийг долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас олж мэдсэнгүй. Тэгвэл үнэнийг хэн ярих ёстой вэ. Тухайн үеийн төр засагт өндөр албан хашиж, хамгийн их мэдээлэл авч, үйл явдалд шууд оролцож, удирдлагаар хангаж байсан дарааллаар нь жагсаавал:

1.Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Тэрээр Ерөнхийлөгч байхдаа ч, Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа ч яагаад Онц байдал зарлах болоогүй гээд байснаа тайлбарлаагүй. Одоо бол асуудлыг, үйл явдлыг улс төрийн зорилгоор хувь хүмүүс рүү чиглүүлж, МАН-ын нэр бүхий хүмүүсээс тухайлбал, С.Баяр, Ц.Нямдорж нараас улс төрийн хариу авах, тэднийг намнах хэрэгсэл болгож байх шиг санагдсан. Ярихаараа “би л Онц байдал зарлаж байж үймээнийг зогсоосон” гэх гавьяа нэхсэн өнгө аяс цухуйлгадаг. Гэтэл Онц байдлыг яагаад оройтож зарласныхариуцлагыг түүнээс хэн ч нэхдэггүй, асуудаггүй. Хэрвээ Онц байдал тогтоогоогүй бол өшөө олон хүн бууны суманд өртөх байсан байж ч магадгүй. Гэтэл Онц байдал тогтоосны дараа дөрвөн залуу амиа алдсан. Төрийн хамгаалалт, хяналт дор жирийн иргэд буудуулсан. Тэр битгий хэл, цагдаагийнхны хэрэглэдэггүй, тэдэнд байдаггүй буутай өөр нэгэн “мэргэн бууч”-ийн тухай яриа ч сонсогддог. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогтоосон Онц байдал эхлэхээс дуусах хүртэлх үеийн бүх нарийн мэдээлэл энэ хүнд л илүү байх ёстой.

2.Ерөнхий сайд С.Баяр. С.Баяр нь болохоор намынхаа байрыг шатаж дуустал яагаад тэнд хоргодоод байснаа, Онц байдал зарлаач гэж Ерөнхийлөгчийг шахаад байсан учраа бас л дэлгэрэнгүй тайлбарладаггүй. Үймээний хэрэг явдалд өөрөөбуруутан мэт үргэлж “зодуулах” мөртөөби буруугүй, цаг нь болохоор үнэн тодорно, ярих юм их бий гэж томроод л явдаг. Учрыг мэднэ, нухацтай ярина гэх атлаа өөрийнхөө буруугүйг нотлоод ярьчихаж болдоггүй, өөрийнх нь нэр төрөөс үнэтэй ямар том эрх ашиг С.Баярын халаасанд яваа нь тодорхойгүй. Гэхдээ түүнийярианаас нэг зүйл анзаарагддаг. Хэрвээ, Ерөнхийлөгчийн Онц байдал зарласан зарлигийг хэлэлцсэн УИХ-ын хаалттай чуулганы протоколыг, ер нь энэ хэрэг явдлыг “улсын нууц”-аас гаргавал С.Баярт хэлэх үг, ярих сонирхол байгаа нь анзаарагддаг. Ярианаас нь тухайн үед Цагдаагийн даргаа үгэндээ оруулж чадаагүй юмшиг ойлгогддог, бас ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхийлөгчтэй үг зөрж байсан ч юмшиг анзаарагддаг. Хамгийн наад зах нь л Монгол Улсын Ерөнхий сайд байжяагаад намынхаа байранд очоод шигдчихсэнээ, харьяалдаг Цагдаагийн удирдлагаа яагаад удирдаж чадаагүйгээ энэ хүн өөрөө тайлбарлах, тайлагнах ёстой.

3.ЦЕГ-ын дарга Ч.Амарболд. Тэр үеийн ЦЕГ-ын дарга Ч.Амарболд үймээнийг цагдаа дангаараа зохицуулж чадна гэж байсан ч чадаагүй, Онц байдал тогтоосны хүчинд дарж авсан. Яагаад чадна гэж итгэлтэй хэлсэн, тэгээд яагаад чадаагүйгээ Ч.Амарболд генерал хоригдож байхдаа ч, шүүхийн өмнө очоод ч, суллагдсан хойноо ч хэлээгүй яваа.

4.Бусад нь… Н.Энхбаяр, С.Баяр нар өнөөдөр тэр үеийн “хааныалба”-аа өгч сул иргэд болжээ. Зөрөөд, энэ өдрийн жагсаалын урд эгнээнд явсанЦ.Элбэгдорж, Х.Тэмүүжин, Ж.Батзандан тэргүүтэй АН-ын голдуу хэсэг нь улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд болов. Ц.Элбэгдорж тэр үед халаасалсан сумны хонгионыхоо, Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн болоод олж авсан нэгэн цагдаагийн тэмдэглэлийн “Хар дэвтэр”-ийнхээ нарийн учрыг дэлгээгүй л явна.
Хамгийн түрүүнд эдгээр хүмүүс “долдугаар сарын 1-ний хэрэг”-ийн тухай өөрийн мэдэхээ, мэдээллээ ярих нь тэдний үүрэг. Яагаад гэвэл тэр өдрийнх шиг үйл явдал ахин давтагдахгүй байхад сургамж, урьдчилан хамгаалалт болж үлдэх учиртай. Гэтэл үнэн нь тодроогүй учраас хэн нь, төрийн аль бүтэц нь ямар сургамж авах нь тодорхойгүй, бүрхэг байсаар. Хэрвээ энэ “хар өдөр” дахин давтагдлаа гэхэд түнийг зогсоох, хүч, зохион байгуулалт цагдаад бий болсон уу. Хэдийгээр дарга нар нь яллагдаад суллагдсан ч 2008 оны тэр өдрийн үймээний хамгийн хүндийг нь үүрч, хамгийн хэцүүгийн өөдөөс явсан манай үеийн жинхэнэ баатрууд нь цагдаа нар шүү дээ. Үйл явдал, мэдээллийг анзаараад байхад тухайн үед манай төр засгийн удирдлагууд нэгдсэн мэдээлэлгүй, нэгдмэл удирдлагагүй байсан нь харагддаг. Хамгийн наад зах нь Онц байдал тогтоох эсэх асуудлаар цагдааг харьяалдаг Ерөнхий сайд, салбарын сайд хоёр нь нэгдмэл байхад, цагдаагийн дарга, Ерөнхийлөгч хоёр тэднээс эсрэг бодолтой байсан нь гэдэг. Ийм үл ойлголцлын дунд галт зэвсэг тараагдаж, хэрэглэх тушаал өгөгдсөн байдаг. Гэхдээ яг хэний тушаалаар тараасан, буудсан нь долоон жилийн турш тодроогүй. Тэгвэл одоо ахиад ийм үед цагдаа, цагдаагийн удирдлага хэний үг, командаар явах ёстойг хоёрдмол утгагүй болгох нь “долдугаар сарын 1-ний хэрэг”-ээс цагдаагийнхны авах хамгийн том сургамж юм. Иргэдээ буудахгүйгээр үймээнийг зогсоох, энэ ажиллагааны хамаг хүндийг нь үүрчихээд эцэст нь ялтан болж шүүхийн өмнө зогсохгүй байх баталгаа тэдэнд чухал. Гэтэл тэр баталгаа байхгүй. Яагаад гэвэл тэр үед цагдаа хүчин мөхөстсөн үгүй нь, цагдаа буудсан буудаагүй нь үнэнээрээ тодроогүй учраас. Нэгд, үнэн тодроогүй, хоёрт, чулуун мөндрийн өөдөөс явуулчихаад дараа нь буруутан болгох баталгааг бий болгоогүй учраас ийм хэрэг явдал гарлаа гэхэд цагдаагийнхан 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр шиг тангарагтаа үнэнчээр зүтгэх үү. Зүтгэхгүй, учир нь тэдний нүдэнд үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээ алдсан цагдаа нар, үнэн нь батлагдаагүй байхадял авч эрх чөлөөгөө хасуулсан дарга нарынх нь хохирол лсургамж болж харагдана.
Долдугаар сарын 1-ний жагсаал, үймээнийг 2008 оны сонгуулийн дүнгээс болсон гэдэг. Энийг хэн ч нотлоогүй, бас болоогүй гэж хэн ч нотолж чадахгүй. Хэрвээ болсон байдаг юм бол сонгуулийн дүнгээс бус, тухайн үеийн сонгуулийн тогтолцооноос болсон гэж үзэх бүрэн үндэстэй. Тэр үед УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулж, нэг тойрогт намууд хоорондоо төдийгүй нэг намын 2-4 хүн дотроо өрсөлдөж байлаа. Нэг нэр дэвшигч өөр намынхаас гадна, өөрийнхөө намын 1-3 хүнтэй давхар өрсөлдёөн юм. Тэнд жинхэнэ хуйвалдаан болж, өөрийнхөө намын өрсөлдөгчийг намнахын тулд өрөөлийн намынхантай хуйвалдаж байлаа.Сонгуулийн будилааныг үнэхээр аль нэг нам нь дангаараа биш, нийлж хийж байв. Надад улаан нь ч, цагаан нь ч байна гэдэг шиг нөхөр дайсан хоёроо ч ялгах боломжгүйгээр жинхэнэ хонины найр болж байсан учир бүх булхайг аль нэгэн намд онцлон үүрүүлэх ямарч боломжгүй байлаа. Тийм учраас хэрвээ сонгуулийн будилаанаас болсон гэвэл энэ үймээн долдугаар сарын 1-нд биш, УИХ-ын сонгуулийн хуулийг баталдаг тэр өдрөөс эхэлсэн гэж үзэж болох юм. УИХ-ын одоо 2016 оны сонгуулийн тогтолцоог сонгохдоо энэ өдрийг эргэн санах нь долдугаар сарын 1-нийг хэргээс авч байгаа бас нэгэн сургамж лболно.
Гэтэл энэ үйл явдлаас сургамж авахгүйгээр, дөрвөн залуугийн амиар “долдугаар сар 1-ний хэрэг” явдлыг бүх үнэнийг нууж, нууцалж үлдэж орхиж болох уу. Болохгүй. Яагаад гэвэл 2008 оны долдугаар сарын 1 бол монголчуудын 20 гаруй жил явсан мөрөөдлийн ардчилал, сонгуулийн ардчилалд цэг хатгасан өдөр. Бид 2008 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ардчиллыг олонхийн засаглал гэж ойлгож ирсэн. Энэ өдрийг хүртэл бүх ард түмний сонгуулийн саналыг цөөнх нь эсэргүүцэж, үймээн самуун болгож болдог гэж төсөөлж ч байгаагүй. Тэр тусмаа хэзээнээсээ, бүр нийгмийн шилжилтийг ч хулганынхамраас цус гаргалгүйгээр хийж чадсан угийн амгалан дөлгөөн, эвийг илүүд эрхэмлэдэг монголчууд бие бие рүүгээ буу шагайж, галдан шатаана гэж хэзээ ч бодож төсөөлж яваагүй юм. Тэгэхээр 2008 оны долдугаар сарын 1 бол танихгүй зочныхоо өөдөөс цай барьж очдог монголчууд танилынхаа өөдөөс буутай, чулуутай очиж болох муу жишгийг эхлүүлсэн, олонхийн ардчиллыг цөөнх нь анархизм болгож болдог муухай жишээг харуулсан, монголчууд бидний 1990 оноос хойшхимөрөөдлийн, олонхийн ардчилалд хамгийн их гай тарьж, хор учруулсан “хар” өдөр. Энэ өдрийг албан тушаалтнууд мартдаг юмаа гэхэд түүх мартахгүй. Тийм учраас ч хэрвээ улс орны нийтлэг эрх ашигт, бусад улс оронтой харилцах харилцаанд сөрөг нөлөө байхгүй лбол “долдугаар сарын 1-ний хэрэг”-ийн бүх үнэнийг ард түмэнд дэлгэх хэрэгтэй. Онц байдлын үеэр өдөрт хэд хэдэн удаа хуралдсан ҮАБЗ-ийн хурлаар чухам юу ярилцсан, хэн нь ямар байр суурьтай байсан, Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжсэн УИХ-ын хаалттай чуулганаар юу хэлэлцсэн зэргийг ард түмэн мэдэх эрхтэй. Яагаад гэвэл энэ өдрийн үйл явдлын ганц хохирогч нь албан тушаалтнууд юмуу, намууд биш, гагцхүү ард түмэн болж хоцорсоныг энэ өдрөөс хойшхиүйл явдлууд бүрнээ нотолж байгаа юм. Юуны төлөө нийтээрээ хохирсноо, нийгмээрээ дахиж алдахгүй тулд яах ёстойгоо ард түмэн мэдэх эрхтэй. Замын дунд гуйвсан үнэн, эсвэл хариулт нь тодорхойгүй асуулт болгон ард түмний сэтгэлд үргэлж нэхэл хатуутай явдаг юм. Жилийн бүрийн долдугаар сарын эхний өдөр нь монгол хүн бүрийн сэтгэлд, ой тойнд наадмын сайхан өдрүүдээс илүүтэй тодорч байдгийн учир энэ. Мэдээж, баяр хөөрөөр биш, харуусал гунигаар шүү дээ.

Долдугаар сар гарах зарим онд, тухайлбал өнөө жилбайгаль дэлхий хураар ангадаг бол, ард түмэн тасралтгүй долоон жилийн энэ өдөр үнэнээр, бодит мэдээллээр цангаж ирлээ.