Боловсролын яамны сайл Л.Энх-Амгалан сайдын шийдвэрээр энэ жил сугалааг “халж” бүх 2-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон.

Өнөөдрөөс ихэнх цэцэрлэгүүд дахин баталгаажуулалт хийж, шээс, цагаан хорхойн шинжилгээг хүүхдүүдээс авч байна. Ихэнх цэцэрлэгүүд дахин баталгаажуулалтыг хийхдээ утсанд ирсэн мэссэжийг үндэслэж хүүхдүүдээ бүргэж байна.

Хэрвээ тухайн эцэг эх хүүхдийнхээ цэцэрлэгийн бүртгэлийн мэссэжийг устгасан бол, дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж, дахин гар утасдаа авах ёстой гэнэ. Энэ нь нэг талдаа эцэг эхчүүдийн хариуцлаггүйг харуулж байгаа ч нөгөө талдаа Боловсролын хэлтсийнхэндээ ажил удаж буй хэрэг юм.

Мөн хүүхдийн хаяг, овог нь адилхан байхад буюу нэг айлын 2-3 хүүхдийг өөр өөр цэцэрлэгт цахимаар бүртгэсэн асуудал гарсан. Уг асуудлыг мөн л тухайн дүүрэг, аймаг сумдын Боловсрол хариуцсан ажилнууддаа шүүлгэх юм байна. Энэ нь иргэдэд ихээхэн чирэгдэл үүсгээд буй.
Манай сайтын сурвалжлах баг Баянзүрх дүүргийн нэгэн цэцэрлэгт очлоо. Өмнөх жилүүдийг бодвол олон хүүхэд авч байгаа тус бүртгэл нь эмх замбараагүй байгаа мэт ажиглагдаж байв. Гэвч тэд мөн л гар утасны мэссэжийг үндэслэн баталгаажуулалтыг хийж байлаа.

Харин өнгөрсөн жилүүдэд 5000 төгрөгөөр авагддаг байсан дээрх шинжилгээнүүдэд энэ жил “үнийн өсөлт” нөлөөлж үнэ нь нэг дахин нэмэгдэж 10000 төгрөгт хүрчээ. Шинжилгээний материалд тус мөнгө нь зарцуулагдаж буй гэнэ.

Энэ жилийн хувьд Л.Энх-Амгалан сайдын шийдвэрээр улсын цэцэрлэгийн анги дүүргэлт дор хаяж 50 хүүхэдтэй байх нь. Өөрөөр хэлбэл, хоёр багш 50 хүүхдийн дунд ажлын 8 цагаа өнгөрүүлэх нь. Чимээ шуугиан бол хүнийг хамгийн их ядраадаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Уг нь хуучин нэг анги дүүргэлтийг 35 хүүхдээс хэтрүүлдэггүй байсан билээ.

Гэтэл Боловсролын яамны сайд Л. Энх-Амгалан түр түмнээсээ сайн нэр дуулахын тулд багш, ажилтнуудынхаа эрүүл мэнд, ажиллах нөхцлийг хэрхэн хангаж байгаа нь одоогоор тодорхойгүй. Мөн цэцэрлэгийн багш, ажилтнуудын цалин хөлс, ажлын хангамжийн тал дээр огт асуудал яриагүй байгаа гэнэ.

Дээрх нөхцөл байдлуудаас харвал, хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулж байгаа ч боловсруулсан бодлого нь багш ажилчдад дутмаг санагдаж байсныг онцолмоор байна.