Хичээлийн шинэ жилийн эхний өдөр хот, хөдөөгүй хөл хөдөлгөөнд орж, хөөрхөн багачууд цэцэрлэг сургуулийн шинэ найз нөхөдтэй болж буй.

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд “сугалаа” нэрийн дор цэцэрлэггүй 44 мянган хүүхэд энэ онд цэцэрлэгт явах баяртай мэдээг Боловсролын яамнаас дуулгаж, хэн хүнгүй л баяр хөөртэй байв.
Гэтэл өнөөдөр шинэ цэцэрлэг, шинэ багш, шинэ найзуудтай болохыг хүсч байсан зарим хүүхдүүдийн итгэл хөсөрдөж, эргээд л гэртээ ээж аавыгаа хөтлөөд гундуухан алхаж байна. Тодруулбал, нэг анги дүүргэлт 50-аас доошгүй болсон тул Төрийн өмчит цэцэрлэгүүдийн дүүргэлт хэрээс хэтэрчээ.

Улмаар асуудлыг зохицуулахын тулд ойролцоох дунд сургууль, албан байгууллагын өрөө тасалгаануудыг түрээслэж буй сурагтай. Иймд хуучин хүүхдүүдээ 9-р сарын 1-ний энэ өдрөө хүлээн авч шинээр орж буй хүүхдүүдээ гэрт нь хариулж, “9-р сарын 10-наас хойш нэмэлт хүүхдүүдээ авна” гэдэг үгийг хэлээд зогсож байна.

Үүнд Боловсролын яамнаас чадахаараа арга хэмжээ авч буй гэж тайлбарыг өчигдөр мэдээлэл хийхдээ өгсөн. Цэцэрлэгийн удирдлагууд ч аль болох анги дүүргэлтээ багтах хэмжээгээр нь авч буй гэх тайлбар өгч байна.

Эцэст нь өнөөх, “сугалаанд азгүй” тодотголыг хэдэн жил зүүсэн бяцхан хүүхдүүд дахин ялгаварлагдаж, хэд хоногтоо цэцэрлэггүй байх нээ.