Өнгөрсөн жилийн өдийд ХУД-ын 75-р дунд сургуулийг Олон улсын стандартад нийцсэн анхны сургууль хэмээн зарлаж байсан билээ. Японы буцалтгүй тусламжаар баригдсан тус сургууль 2400-2500 хүүхдийн хүчин чадалтай ч ачааллаа дийлэхгүй, анги танхим хүрэлцэхгүй байгаа тул 2022-2023 оны хичээлийн жилд 9-11 ангийн ахлах бүлгийн 300 орчим хүүхэд Хүнсний технологийн коллеж дээр дахин түрээслэж, суралцуулж байна.

Гэвч тэдгээр сурагчдийн сурах орчин, эрүүл аюулгүй байдал, ариун цэврийн шаардлага хангахгүй байгаад сурагч, эцэг эхчүүд гомдолтой байгаа аж.
Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй анги ариун цэврийн өрөө хамтдаа бөгөөд ангиас гараад хоёр алхаад л ариун цэврийн өрөө рүү ордог гэнэ. Өндөр нуруутай хүүхдүүд бусдынхаа дээрээс шууд харахаар намхан ханатай тул охидууд охидууд нь ариун цэврийн өрөөнд орж бие засч чадахгүй хэдэн цагаар тэсч суухаас аргагүйд хүрдэг аж. Улмаар сарын тэмдэг нь ирсэн үед ариун цэврийн хэрэглэлээ сольж чадахгүй хөдлөхгүй суусаар харьж байгааг эцэг эхчүүд шүүмжилж байна.
00 нь стандарт шаардлага хангахгүйгээс гадна, үнэр танар нь авах юмгүй. Ойр орчимд хичээллэж буй анги танхимд сурагчид нь 00-н бохир үнэртэж суусаар хичээлээ тарж байгаа юм. Ингэснээр сурагчдын эрүүл аюулгүй орчинд суралцах эрх зөрчигдөж байна гэсэн үг. Мөн 00-ын үнэрт хичээлдээ бүрэн анхаарлаа хандуулж суралцаж чадахгүй байна.
Иймд түрээсийн байранд хичээллэж буй 8 бүлгийн 300 орчим сурагчдын эцэг эхчүүд Боловсролын сайд Л.Энх-Амгаланд хандаж, 3 ээлжээр ч болтугай өөрсдийн сургуульдаа хичээллэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх болжээ.