Цахим технологи хөгжихтэй зэрэгцээд монгол хэл, ахуй соёл, арилжаанд криптовалют, биткойн, виртуал хөрөнгө гэх нэр томьёо хүчтэй нэвтэрч, залуус ч хэрэглэх болсон. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль баталж, хүчин төгөлдөр мөрдөж буй билээ.
Энэ хуульд “виртуал хөрөнгө” гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжих боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ хэмээн хуульчилсан.
Хуульд заасан виртуал хөрөнгийн нэг төрөл болох биткойныг 2008 онд гаргаснаар анхны цахим мөнгөн тэмдэгт криптовалютын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Биткойн нь криптовалютуудын хамгийн амжилттай яваа нэг төрөл гэж үздэг юм. Энэ төлбөрийн хэрэгслийг тодорхой нэг этгээд, эсвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах боломжгүй бөгөөд блокчэйн технологид тулгуурлан зөвхөн интернэт сүлжээгээр дамжуулан койн эзэмшигч л удирдах боломжтой гэдэг. Өөрөөр хэлбэл, койныг нэг хүн нөгөөд шилжүүлэх процессыг блокчэйн технологи бүртгэж байдаг бөгөөд аливаа гуравдагч этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын оролцоо, зөвшөөрөл шаардлагагүй гэсэн үг. Цахим орчинд арилжиж буй койнуудыг тагнуул, цагдаа зэрэг төрийн эрх бүхий байгууллага хянах боломж хязгаарлагдмал. Тиймээс криптовалют буюу цахим мөнгөн тэмдэгтээр хуурамч төсөлд койнууд татах, эсвэл үнийн зохиомол хэлбэлзэл бий болгох замаар мэдлэг, мэдээлэлгүй иргэдийг хохироож, залилан мэхэлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх магадлал маш өндөр юм билээ. Манайд ч криптовалюттай холбоотой залилан мэхлэх гэмт хэрэг гарч, цагдаагийн байгууллага шалгаж буй үйлдэл цөөнгүй байна. Тиймээс иргэдийг крипто залилан буюу санхүүгийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж зарим бодит жишээг хүргэе.
Дэлхийд нэг секундэд 18 хүн цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогч болж байна гэсэн статистик бий. Хамгийн эрсдэлтэй, их хэмжээний мөнгө алдаж болохуйц цахим хэрэгслүүдийн нэгээр яах аргагүй криптовалютын арилжаа орж буй юм. Криптовалюттай холбоотой залилах гэмт хэргүүдээс хамгийн анхаарал татахуйц, их мөнгө луйвардсан нь “Onecoin”-ийн үйлдэл. Одоогоор үүнийг хамгийн том крипто луйвар гэж тооцож буй. Олон сая хүнийг 2.5 тэрбум ам.доллароор хохироосон уг койны луйвар хийсэн гурван хүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон саатуулан шалгаж эхэлсэн түүхтэй.
Манай улсад ч үүнтэй ойролцоо үйлдэлтэй крипто залилангийн хэрэг гарч эхэлсэн юм. Монгол Улсад нэлээд амжилттай яваа нийт койны 90 орчим хувийг долоохон хүн эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Энэ нь тэр долоон хүн үгсэн хуйвалдаж, санаа нэгдэн койныхоо үнийг зохиомлоор өсгөж, бууруулах боломжтой гэсэн үг. Манайхны дунд амар хялбар аргаар мөнгө олох, бага хугацаанд өндөр ашиг хүртэх гэсэн санаархал их байдаг. Тэр ч утгаараа хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзэн криптовалютын арилжаа хийх нь элбэг. Ийнхүү хөрөнгө оруулахдаа хямдхан койн учир өсөх магадлалтай, маркетинг сайтай байгаа болохоор найдвартай гэсэн бодлоор их хэмжээгээр авах нь бий. Ингэж аваад хохирсон тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, олон ч үйлдлийг шалгаж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага хулгайн 70 гэмт хэрэг шалгаж байлаа гэхэд залилангийн үйлдэл 140 орчмыг мөрдөж байна гэсэн үг. Залилангийн хэрэг олноороо гарч байна гэдэг нь илүү муу үр нөлөөтэй, дагуулах хор уршиг ихтэй. Монгол Улсад үйлдэгдэж буй залилангийн үйлдэл нийт гэмт хэргийн 25 орчим хувь буюу дөрөвний нэгийг эзэлж, ганцхан жилийн дотор 63.8 хувиар огцом өссөн. Тэдгээрийн дотор цөөнгүй хувийг нь виртуал хөрөнгө, криптовалют буюу койны залилан эзэлж буй юм билээ.
Үүний нэг бодит жишээ нь “Ард” санхүүгийн нэгдлийн нэр, логог ашиглан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж, залилсан хэрэг гарчээ. Хуурамч аккаунт нээсэн хүн койн худалдан авагчдад тухайн компанийн ажилтан хэмээн өөрийгөө ойлгуулж, виртуал хөрөнгийн хэтэвчнийх нь нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг авсан байна. Улмаар уг аккаунтаар нь койных нь данс руу нэвтрэн 2021 оноос 2022 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий виртуал хөрөнгийг өөртөө шилжүүлэн авчээ.


Хууль сахиулах байгууллагынхны тооцоо, судалгаанаас харахад энэ төрлийн хэргийг 100 орчим хүн тогтмол үйлдэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар виртуал хөрөнгөтэй холбоотой 240 гэмт хэргийг цагдаагийн байгууллага бүртгэж, нийт хохирлын хэмжээ 15.3 тэрбумд хүрсэн гэнэ. Виртуал хөрөнгийн залилан мэхлэгчид хөрөнгө оруулалт мэтээр ойлгуулж, иргэдийг төөрөгдүүлэн амжилттай яваа компаниудын нэр, логог ашиглан өндөр өгөөж санал болгож буй аж. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар виртуал хөрөнгийн мэргэжлийн оролцогчдод санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог. Хэрэв хэн нэгэн танд өөрийгөө виртуал хөрөнгийн мэргэжилтэн гэх мэтээр өндөр ашиг санал болговол тусгай зөвшөөрөлтэй байгууллагын жагсаалтыг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаснаас шалгаж байж үйлчлүүлбэл эд хөрөнгөө залилуулахаас сэргийлж чадна. Ер нь манай улсад криптовалютыг хянадаг субъект одоогоор байхгүй тул эд хөрөнгө, мөнгө тань бодит бус хөрөнгө оруулалтын улмаас хаашаа ч алга болж мэдэх нь. Тиймээс аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, койн гаргасан хүн, байгууллагын мэдээлэл нээлттэй, эсэхийг нягталж байж хөрөнгөө оруулах, олон улсад арилжиж буй койнуудын мэдээллийг агуулсан coinmarketcap.com, coingecko.com зэрэг цахим хуудсаар зочилж, тухайн койны зах зээлийн нийт үнэлгээний талаар мэдээлэл авах шаардлагатай юм.