Өмнийн говь дахь газрын хэвлийн баялгийг ашиглаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Нүүрс, зэс, алт гээд уул уурхайн олон бүтээгдэхүүн олборлож өмнөд хөрш рүү гаргаж буй. Гэвч үүцээ задалсан монголчууд бидний баялгийг хэдхэн эрх мэдэлтэн нь хувааж, ард түмэндээ өгөөжгүй, авлигач түшмэдэд ашигтай байдлаар хуваарилдаг болсныг дээр дооргүй бүгд мэднэ. Зарим нь гадаадын хөрөнгө оруулагчдыг уул уурхайн бизнес хамтарч хийе гээд хулхидах явдал ч гаргах болсон. Гадаадын нэг бус аж ахуйн нэгжийнхэн Монголд төлөх ёстой татвараас зайлсхийж, байгаль орчныг бохирдуулсан нь ч бий. Авлигач түшмэд ашиг олж байгаа салбарын нэг нь яалт ч үгүй уул уурхай, хил дамнасан тээвэр, ложистик гэхэд болно. Нүүрс хилээр гаргах зөвшөөрөл авахын тулд төрийн дунд шатны албан тушаалтанд 100 000 ам.доллар өгсөн А.Адъяасүрэн өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад хэнэг ч үгүй сууж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн халхавч дор орсноор хэрэг нь шийдэгдэхгүй гацсан билээ. Нүүрсээр хөлжсөн хүмүүс ч төрийн өндөр албан тушаал хашиж байгаа нь бий. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд ч тийм байдлаар хөлжсөн байж болзошгүй учраас хэдхэн хоногийн өмнө томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат дээрх компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг ажлаас нь чөлөөлж, АТГ-т шалгуулахаар шилжүүлээд буй. Үүнээс өмнө ч “нүүрсний” гэх цөөнгүй хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж байсан билээ. Тэдний хувь заяа хэрхэн шийдэгдсэн талаар энд тодруулан хүргэе. Учир нь олон нийтийн сүлжээн дэх “их мэдэгчид” тус компанийн албан тушаалтнуудыг шалгаж эхлэхэд өмнө нь шалгаж байгаад мартагдсан, өдгөө хууль сахиулах байгууллагад мөрдсөөр буй ч гацчихсан хэргүүдийг шалгах ёстой гэсэн байр суурь илэрхийлэх болсон юм.

“ХООСОН” БҮРДҮҮЛЭЛТТЭЙ 4000 МАШИНЫ ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХ ЁСТОЙ

Тавантолгойн ордоос нүүрс алга болсон анхны хэргийг 2013 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлсэн бөгөөд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдон шалгуулах нөхцөл бүрдсэн учраас тухайн үед прокурор, цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон түүхтэй. Харин энэ дуулиан дэгдсэнээс хойш орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд багагүй хугацаа өнгөрч буй юм. Тавантолгойн орд газарт 1966 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн “Тавантолгой” компанийнхан 2013-2017 онд нийт 12 сая тн нүүрс олборлосноос 1.8 сая буюу 15 хувийг нь “Тавантолгой транс” компани худалдан авч, өмнөд хөрш рүү экспортолсон гэх тайлан байгаа аж. Харин шалгалтаар тухайн жилүүдэд худалдан авсан нүүрснээсээ 300 мянган тн-оор илүү буюу нийт 2.1 саяыг хилээр гаргасан гэх баримт хууль сахиулагчид болон Сангийн сайдын ахалсан ажлын хэсгийнхэнд ирсэн байдаг. Тэр жилүүдэд “Тавантолгой транс”-ын нэр дээр бүртгэлтэй, нүүрс тээвэрлэдэг хүнд даацын ачааны машинууд 300 гаруй удаа “хоосон” гэсэн гаалийн бүрдүүлэлт хийлгэж хилээр нэвтэрч байсныг тогтоожээ. “Тавантолгой транс” ХХК-ийн дийлэнх хувийг “Ажнай корпорац”, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ эзэмшдэгийг хэн хүнгүй мэдэх болсон. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д ч байдгийг уншигчид гадарлана. Тэгэхээр 300 удаа машин хоосон хилээр гарсан асуудлыг Д.Бат-Эрдэнэ гарцаагүй сайн мэдэж буй нь лавтай. Түүнээс гадна “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадорж бүр ч илүү ихийг мэдэх хүний нэг. Түүнийг хууль сахиулах байгууллагаас удаа дараа дуудан шалгаж байсан ч төд удалгүй асуудал намжиж байсан билээ.
Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, дээрх онуудад хоосон машинууд хилээр гарч, БНХАУ-ын талд очоод нүүрс ачсан гэж нэвтэрдэг байсныг хууль сахиулагчид анх шалгахдаа тогтоож, улмаар “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Тавантолгойн уурхай дахь ажлын байрнуудад нэгэн зэрэг нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг нь шалгахаар үзлэг дөнгөж эхлээд байхад нь цагдаа, прокурорын байгууллагын удирдлага алба хаагчдадаа “Наад ажиллагаагаа боль” гэсэн үүрэг өгч, байцаан шийтгэх ажиллагааг зогсоолгож байсан гэдэг.
Зөвхөн “Тавантолгой транс”-аар тогтохгүй, нүүрс тээврийн 20 гаруй аж ахуйн нэгж 2013-2017 онд худалдан авсан нүүрснээсээ илүү хэмжээтэйг хилээр гаргасан бөгөөд хүнд даацын 4000 орчим машин Монгол Улсын хилээр нэвтрэхдээ “хоосон” гэдэг атлаа өмнөд хөрш рүү орохдоо 100-гаас илүү тн нүүрс тээвэрлэж яваа гэсэн бүрдүүлэлт хийж орж байсныг гаалийн улсын байцаагч нар дүгнэлт гаргахдаа тодорхой дурдсан удаатай. Хууль сахиулагчид тухайн үед “Өмнөговь аймгийн Цогтцэций сумд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийнхөө эзэмшлийн “Тавантолгой транс” ХХК-д нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлсэн. 2010-2017 онд “Тавантолгой транс” ХХК-иас авах авлагаас хоорондын тооцоо нэрээр 17.8 тэрбум төгрөг авалгүй хаасан, тус тээвэрлэгч компанийн экспортолсон нүүрсний хэмжээ “Тавантолгой” ХК-ийн борлуулсан хэмжээнээс зөрүүтэй гарсан” зэрэг үйлдлийг шалгаж байгаа. Санхүүгийн нэлээд олон зүйл шалгах учраас багагүй хугацаа шаардана” гэж байсан ч тэгсхийгээд замхарсан билээ. Уг нь бол манай гаалийн байгууллага Олон улсын гаалийн байгууллагын сүлжээгээр дамжуулж БНХАУ руу их хэмжээний нүүрс хуурамч бүрдүүлэлтээр гаргасныг тус улсын талын баримттай тулгаж нягтлаад хуулийн дагуу шалгуулахаар шилжүүлсэн ч цагдаа, прокурорын байгууллагын удирдах тушаалтнууд, төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг зогсоож, 2013 оны арваннэгдүгээр сард хэрэгсэхгүй болгуулах тогтоол батлуулж байсан юм даг.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан “Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах ажлын хэсгийнхэн төрийн өндөр албан тушаалтнууд оролцож хэрэгсэхгүй болгосон дээрх хэргийг сэргээн шалгах ёстой санагдана. Төрийн ордонд уг ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзахдаа дээрх хэрэг болон доор дурдсан бүх хэргийн хувь заяаг сайтар нягталж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх, төрд учирсан хохирлыг нь гаргуулбал сайн сан.

942 МЯНГАН ТН НҮҮРСНИЙ МЭДЭЭЛЛИЙГ БНХАУ-ЫН ТАЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

Тавантолгойн бүлэг ордоос их хэмжээний нүүрс өмнөд хөршийн хилээр оруулсан үйлдэлд гааль, хилийн цэрэг, ачаа тээврийн аж ахуйн нэгжийнхнийг 2018 оны зургадугаар сараас хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн юм. Нэр дурдсан байгууллагынхан хуйвалдаж, нүүрсийг ямар ч бүртгэл, хяналтгүй хилээр гарган хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Улмаар аудитын байгууллагаар 2019 онд дүгнэлт гаргуулахад 2013-2017 онд гадаадын 27 аж ахуйн нэгж 350 гаруй мянга, Монголын 19 компани 590 мянган тн нүүрс хил давуулсан гэж дүгнэсэн аж. Эдгээрийг 22 000 гаруй тээврийн хэрэгслээр 900-гаад мянган удаагийн рейсээр нэвтрүүлсэн бөгөөд тэдний дунд хүнд даацын 600 машин 4000 удаа хилээр хоосон нэвтэрсэн гэсэн бүрдүүлэлт хийлгэсэн байгаа юм.
Хууль сахиулах байгууллагынхан БНХАУ-ын талаас гаалийн мэдээллийг нь авч хэрэгт нотлох баримт болгохоор хандсан ч өмнөд хөршийн тал баримтыг нь өгөөгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ингэхдээ “Гаалийн байгууллагад ашиглаж байсан мэдээллийн системээ өөрчилсөн учраас өмнө үйлчилж байсан үеийн баримтыг гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн гэдэг. Үүнээс болж хууль сахиулах байгууллагуудад шалгаж байгаа хэргүүд гацсан сурагтай. Зөвхөн энэ хэргээр тогтохгүй орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагад холбогдох хэрэг ч өмнөд хөршийн талаас гаргуулахаар хандсан нотлох баримтаас шалтгаалан зогссон гэхэд хилсдэхгүй юм билээ. Тус компанийн удирдлага БНХАУ-ын “Хуалан Тяньжин”-д давуу байдал олгож, 2017 оны тавдугаар сард 3000 гаруй тээврийн хэрэгслээр нүүрс гарган, орлогыг нь хувьдаа завшсан гэх хэргийг ЭЦА, АТГ-ынхан шалгаж эхэлсэн ч өдгөө хэрхсэн нь тодорхойгүй таг болчихоод байгаа юм.

МӨРГӨЦӨГ АЛГА БОЛСОН ҮЙЛДЭЛД ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСЭГ ОДОО БАЙГАА ЮУ

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хооронд өрнөсөн, “мөргөцөг алга болсон” гэх хэргийг УИХ-ын гишүүн асан, өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд олон нийтэд хүргэж, улмаар АТГ-т шалгуулахаар хандаж байсан билээ. Түүгээр ч зогсохгүй өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймагт ажиллаж, 268 000 тонн нүүрсийг урд хөрш рүү хулгайгаар гаргасан асуудлыг шалгаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгаж байв. Үүний дагуу тэр үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тушаал гаргаж, нүүрс хулгайлсан асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээ авах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Эл ажлын хэсгийг тухайн үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, АМГТГ-ын дэд дарга М.Энхжаргал, ГЗБГЗЗГ-ын дэд дарга А.Батбаяр, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа, ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон, тус газрын Гаалийн хяналт шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, АТҮТ-ийн дэд дарга Х.Баярхүү, Сангийн яамны мэргэжилтэн Б.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, 2013 оноос хойших, нүүрс алга болсон гэх хэрэгтэй холбоотойгоор байгуулсан анхны ажлын хэсэг нь ийм бүрэлдэхүүнтэй. Энэ бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнуудын олонх нь өөр ажилд шилжин томилогдсон бөгөөд өдгөө дээрх ажлын хэсэг байгаа, эсэхийг мэдэх хүн хомс. Уг ажлын хэсгээс хойш өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан хүмүүс л ажиллаж байгаа юм билээ.
“Мөргөцөг алга болсон” гэх хэргийг хууль сахиулагчид шалгахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тн нүүрсний “Тавантолгой”-нхон олборлосон нь хоёр аж ахуйн нэгжийн хамтарсан ажлын хэсгийн геологи, маркшейдерийн удаа дараагийн хэмжилт, дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Бусдын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс авсан нь тодорхой болсон учраас хоёр компанийнхан гэрээ байгуулж, 11 мянган тн-ыг нь “Эрдэнэс Тавантолгой”-д буцаан олгосныг ч эх сурвалжууд хэллээ.
Хамгийн сүүлд хууль сахиулах байгууллагынхан нүүрстэй холбоотой шинэ хэргийг өнгөрсөн долдугаар сараас хойш шалгаж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр Өмнөговь аймгийн нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан гаалийн байцаагчидтай хуйвалдан компанийнхаа хяналтын бүсэд буулгасан нүүрснээс Монголын гаалийн байгууллагад бүртгүүлэлгүй БНХАУ руу гаргаж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй гэнэ. Тэрбээр хилийн цэргийн албан тушаалтнууд болон гаалийн байцаагчид хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм билээ. Хэдий хэмжээний нүүрс, хэчнээн удаа гаргасан, төрийн дунд шатны албан тушаалтнуудад хэдэн төгрөгийн хахууль өгснийг удахгүй мөрдөгчид тогтоох биз ээ.