Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж буй нэг хүчин зүйл болох автомашины утаатай холбоотойгоор БОАЖЯ-наас цагдаагийн байгууллагад хандаад байсан. Үүний дагуу цагдаагийнхан шалгалт хийж эхэлжээ.

Улсын хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 1.2 сая гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас Улаанбаатарт 676.9 мянга буюу 53.7 хувь нь байна. Харин орон нутагт 582.8 мянга буюу 46.3 хувь нь явж буй аж.

 

Нийслэлд “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл 133 235 байгаагаас “Приус-20” нь 67 456 буюу 50.6 хувийг эзэлж байна. “Приус-30” нь 50 631 буюу 38 хувь, “Приус-40” загварынх 15 148 буюу 11.3 хувь нь байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар “Тоёото приус” загварын автомашины зөөлөн яндан алдагдсан гэх мэдээлэл 892-ыг гаргасан байдаг бөгөөд 2021 онд 129, 2022 эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгджээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн нүүрсэн яндангийн ажиллагаа стандартад нийцэж буй, эсэх, агаарт хаягдаж байгаа нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг холбогдох байгууллагынхан Бензин хөдөлгүүртэй автомашин-утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга MNS:5013:2009 стандартад заасантай харьцуулан шалгасан аж.

Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд “Тоёота приус” загварын автомашинд үйлдвэрлэгчээс суурилуулсан нүүрсэн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах нүүрстөрөгчийн дутуу исэлийн хэмжээ яндангүй тээврийн хэрэгслийнхээс 4.5 дахин бага байжээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал нүүрсэн яндантайгаас 3.2 дахин бага гарсан аж. Замын хөдөлгөөнд удаан хугацаанд оролцох үед дээрх ислийн хэмжээ яндангүй тээврийн хэрэгслийнхээс 6.8, Хятадад хийсэн дуураймал яндантайнхаас 4.3 хувиар бага ялгарч байжээ.

Үүнээс үзэхэд автомашинаас гарч буй нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрс-устөрөгч зэрэг хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нэн чухал үүрэгтэй нь батлагдсан юм. Тиймээс тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд орох үед яндангийн байдлыг нягталж шалгахаар болж буй аж.