УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болон түүний зөвлөх, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй нарын цагдан хорьж шалгах хугацаа дууссантай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэх, эсэх хурлыг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийлээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан”, 18.6-2.3 дахь хэсгийн албан тушаалтан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж буйг бид өмнө нь мэдээлсэн.Тухайлбал, “Хөгжлийн банкны” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд зээлдэгч “Капитал” банкны авсан зээлүүдийг нягтлаад дээрх хоёр хүнийг шалгаж эхэлсэн билээ. Тэд “Азийн бамбар” гэх компаниар хоёр удаа 3-5.7, “Элит цамхаг” хэмээх компанийн нэрээр 3.9, нийт 12.6 тэрбум гаруй төгрөгийн зээл “Капитал” банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас авсан байдаг. Уг зээлийг нь нарийвчлан шалгахад Г.Аюулгүйн компанийн авсан зээлүүдээс тодорхой хэмжээний мөнгө Ж.Батзандангийн эхнэрийн эзэмшлийн данс руу орсон нь ил болсон. Уг зээлийг авахдаа Ж.Батзандан, Г.Аюулгүй нар “Капитал” банкны удирдлагатай уулзан нөлөөлсөн гэдэг нь ч тодорхой болсон юм.