Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Л.Насанцэнгэлд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүх хүлээн авсан аж. Л.Насанцэнгэл нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж, төрсөн дүүдээ давуу байдал олгон, хууль бусаар албан тушаалд томилсон хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын 183 дугаар тушаалд дээрх төвд “Сэргээн засах ажилтан” гэх орон тоо тусгаагүй байж. Гэтэл тэрбээр албан тушаалаа урвуулан уг орон тоог шинээр бий болгож, СЭМҮТ-д сувилагчаар ажиллаж байсан дүүгээ томилжээ. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн юм. 

Прокурорын байгууллага арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28 111, мөрдөн байцаалтын 2804 хэрэгт хяналт тавьсан. Түүнчлэн эрүүгийн 357 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэдний дунд эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 159, өмчлөх эрхийн эсрэг 131, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 11, авлига, албан тушаалын долоон хэрэг багтсан аж. Тэдний дунд дээрх СЭМҮТ-ийн ерөнхий захирал асанд холбогдох хэрэг орсон бөгөөд “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл долоо хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Насанцэнгэлийг 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах ял оноожээ.