Ихэнх хэвлэл мэдээллийнхэн оны онцлох үйл явдлыг уншигч танаа сонирхуулж байгаа. Харин манай ТАС.мн мэдээллийн сайт 2022 онд сошиалд дуулиан дэгдээж чадсан дуулиантай үйл явдлыг түүвэрлэн хүргэж байна.

1. Бусдын толгой дээр кофе асгасан

Б.Ариунзаяагийн хэрэг
Бусдыг “Над руу харлаа” гээд час халуун кофе толгой дээр нь асгасан бичлэг өнгөрсөн хавар олон хүнийг цочирдуулсан. Улмаар хийсэн хэрэгтээ гэмших нь битгий хэл хуульч ааваараа хаацайлуулна гээд уур омгоо багтааж ядсан Б.Ариунзаяагийн кофе асгасан үйл явдал энэ оны онцлох дуулиан байлаа. Бусдын толгой дээр халуун кофе ус шиг асгасан Б.Ариунзаяа энэ тухайгаа тайлбарлахдаа “Энэ бол сенсацлах зүйл биш. Бусдын толгой дээр кофе асгасан нь миний буруу. Гэхдээ хөрчихсөн кофе байсан” хэмээн үл тоомсорлосон юм. Тиймээс МУИС-ийн оюутнууд түүнийг хөөх санал гаргаж, хилийн хориг тавьж байлаа. Түүний хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст буцаасан байдаг.

2. Н.Түвшинбаярт шүүх 16 жилийн ял оноов


2022 оны онцлох үйл явдлуудын нэг бол найзынхаа аминд онц хэрцгийгээр хүрсэн, Олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаярыг ялласан явдал байлаа. Түүний шүүх хурлыг иргэд анхааралтай ажиглаж байв. Шүүх хуралдаан үеэр шүүгдэгч Н.Түвшинбаярыг үг хэлэхийг шүүгч хүссэн юм. Тэрбээр “Би хүний хийж боломжгүй зүйлийг хийсэн. Найзынхаа ар гэр, ах дүү хамаатан садан, аав ээж гэр бүлийнхнээс нь уучлалт хүсч байна. Миний найз хамгийн сайн найз минь байсан. Өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз холбоотой байсан. Боломж олдвол найзынхаа гэр бүлд тусалж дэмжинэ. Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Хуулийн өмнө хариуцлагаа хүлээхээ ойлгож байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг бүх хүнээс уучлал хүсч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн юм.
Прокуророос түүнд 19 жилийн хорих ялыг эдлүүлэхээр санал гаргасан ч, шүүх 16 жилийн хорих ялыг өгсөн билээ.

3. Нара 20 настай дүү нөхрөө ил гаргаж, өөрөөсөө залуухан хадам ээжтэй болов


Сошиал орчинд дагагчдын тоогоороо тэргүүлдэг имфлюсер бүсгүй бол Нара буюу М.Нарантуяа. Өдгөө 40 нас хүрч буй тэрбээр өөрөөсөө 20 насаар дүү Б.Билгүүн гэх залуутай амьдрал зохиож буйгаа зарлаж, бяцхан хүүг нь төрүүлж өгөөд хэдэн сарын нүүр үзэж байна. Залуухан нөхрөөрөө гангарахын зэрэгцээ хичээл боловсролд нь ээжээс нь дутахгүй анхаардаг гэдгээ ч илэрхийлдэг. Сонирхуулахад, Нарагийн хадам ээж гэх бүсгүй Нарагаас 3 насаар дүү.

4. 7 автомашин, хоёр охиныг мөргөсөн Ч.Маралмаа хэрэг шүүхэд шилжжээ


Жолоодох эрхгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж долоон машин мөргөж, хүүхдүүд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж бусдын автомашиныг болон явган хүний замаар явж байсан насанд хүрээгүй С, Э нарыг мөргөсөн билээ. Уг үйл явдал нь сошиал хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татаж, дуулиан тарьж байсан юм.

5. Иргэдээ “ул”-ных хэмээн онцолсон Д.Сарангэрэл огцров


УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар нэг сар ажиллаад өөрийнхөө хэлсэн үгэнд ороогдон сайдаасаа огцорсон нь энэ оны дуулиант явдлуудын нэг байлаа. Тэрбээр салбарын асуудлаа Төрийн ордонд ярилцах хэлэлцүүлгийн үеэр нийгмийн эмзэг давхаргыг “ул”-ны айлууд гэж танилцуулсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Иргэдээ “ул”-ны гэж доромжлосон хэмээн түүнийг сайдын суудлаас нь эгүүлэн татсанаар сарын хугацаанд албан тушаалаа хүлээлгэж өгсөн анхны сайд болсон.

6. Дуучин Seryoja олны анхаарал өртөв


Дуучин Seryoja нь сүүлийн үед залуучуудын дунд өөрийн өвөрмөц хоолой, гадаад дүр төрх, шинэлэг уран бүтээлээрээ танигдаж буй чадварлаг уран бүтээлч билээ. Тэрбээр тоглолтоо хийснээр олны анхааралд илүү өртөв. Өөрөөр хэлбэл, 2022 он түүнд алдар нэр, эд хөрөнгийг харамгүй бэлэглэв. Энэ утгаараа өчигдөрхөн анхны бие даасан цомгоо өлгийдөж авч буйгаа зарласан. Анх реппер Серёжа хэмээн үеийнхэндээ танигдсан тэрбээр 16 настайдаа алс холын Америк орныг зорьж, мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, туулах замын уртыг тэвчээртэйгээр даван туулж чадсан түүнийг Цолмонгийн Мөнхбаяр гэдэг юм билээ.

7. “Дух” Б.Цэцэгийн их санаа “хоосон хонуулав”


Сошиалд өөрийн үзэл бодлоороо дагагчиддаа нөлөөлдөг бүсгүй бол “Дух” тодотголтой Б.Цэцэг. Тэрбээр Сэлбэ голын орчныг сайжруулах төслийг боловсруулж НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар 3,1 тэрбум төгрөгийг хэлэлцүүлсэн ч, тусыг эс олсон. Учир нь нийслэлийн төсвөөр батлуулсан 3,1 тэрбум төгрөгөөрөө оффисын түрээс, ажилчдынхаа цалинг зөвхөн өгнө хэмээн онцолсон түүний санааг сошиал хэрэглэгчид буруутгаж, шүүмжилсэн. Улмаар НИТХ-ын ээлжит хуралдаанаар түүний төсөл дэмжигдээгүй. Ингэснээр “их санасан газар 9 шөнө хоосон хононо” гэх үгийг тэрбээр бодит болгож, төслөө түр орхиод байгаа билээ.

8. Хайртай бүсгүйдээ бэлэглэсэн 60 саяын үнэтэй сарнайн дуулиан мартагдав


Одоогоос сар орчмын өмнө 60 сая төгрөгийн сарнай ачсан тас хар өнгийн альфард загварын автомашин хотын төвд явж буй зургаа цахим орчинд нийтэлсэн нь олны анхаарал татаж, чамгүй дуулиан тарьсан. Эдийн засгийн хямралтай үед бүхэл бүтэн нэг өрөө байрны үнээр сарнай авсан эмэгтэй хэн байв, тэр сарнайг илгээсэн нэгэн нөгөө бүхий улстөрч байж таараа гэх шүүмж хэдэн өдөр цахим орчинд хөвөрч, эздийг нь илрүүлэх ажиллагаа сошиалд хөврөв.
Тус сарнайг Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра илгээсэн гэх цуу яриа олны дунд шуугиан тарж байлаа. Харин А.Амундрагийн өмгөөлөгч О.Санчирбал Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт “Нэр төрд халдсан” гэх агуулгатай гомдол гаргаж, эзэн холбогдогчид хариуцлага тооцуулах асуудлыг ч сөхөж байв. Гэвч энэ дуулиан төд удалгүй дарагдаж, өнөөдөр олны дунд ор тас мартагджээ.

9. Ш.Алтантуяа агсны ар гэрийнхэнд 3.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор болов


Хэдхэн хоногийн өмнө Малайзын дээд шүүхээс 2006 онд алагдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг тус улсын Засгийн газар болон өөр гурван хүнд оногдуулж шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэр нь олон монголчуудыг баярлуулсан, онцлох дуулиантай үйл явдал юм. Учир нь Ш.Алтантуяа агсаны аав С.Шаарийбуу гуай энэ хэргийн гэм буруутай этгээдийг олж, хариуцлага хүлээлгэхээр 17 жилийн турш тэмцэж яваа нэгэн юм.

10. Хошин урлагийн жүжигчин У.Цогтбаяр тэмцэгч болж, реппер Gee-гийн хардагыг төрүүлэв


Сонгуулийн үеэр улстөрчид урлаг соёлыг “од”-ууд сошиал орчин дахь инфлюэнсерүүдэд их хэмжээний мөнгө амлаж, сонгуулийн сурталчилгаагаа хийлгэдэг.
Тэгвэл сонгуулийн сурталчилгааны үнэ ханштай холбоотой төгрөгийн ханш “өсөж” сонгогчдын сонголт “үнэгүйдсэн” сонирхолтой тоонууд энэ онд ил боллоо. Тухайлбал, олны дунд реппер BIG GEE нэрээрээ олны танил болсон О.Мөнх-Эрдэнэд нэр бүхий улстөрч сонгуулийн сурталчилгааг нь хоёр тэрбум төгрөгөөр сурталчлах санал тавьсан гэнэ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хаягтаа мэдэгдэж “Уг жагсаалд итгэхгүй байна. Миний хүмүүсийг авч гараад жагссан.
Би ганцаардаж байна. Надад сүүлийн сонгуулиар хоёр тэрбум төгрөг санал болгосон. Би үгүй гэсэн, харин одоо энэ жагсаалыг зохион байгуулж байгаа зарим хүн ил, далд байдлаар ажилласан шүү. Энэ хүмүүст би итгэж чадахгүй” хэмээн мэдэгдэл хийсэн.
Түүнчлэн нүүрсний хулгайн хэргийг илчилж хариуцлага хүлээлгэх шаардлага тавьж буй жагсаалын оролцогч жүжигчин У.Цогтбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж, 100 сая төгрөг авсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улаан бал нэвтрүүлэгт оролцохдоо. “Хувиасаа өгөөгүй, манай үеэлүүд өгсөн” гэх тайлбар хийжээ.