Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент” компанийн захирал З.Буяннэмэх, НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурор Ц.Шагдарын эсэргүүцлийн дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Х.Оргил-Эрдэнэ ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон байдаг. Энэ үедээ Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан аж. Ингэхдээ З.Буяннэмэхээс “Блюмон” оффис дахь “Даблью экс пи” ХХК-ийн албан өрөөнд Х.Оргил-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын сүүлчээр гурван сая төгрөг авчээ. Удалгүй “Лексус RX-350” загварын автомашиныг найз Б.С-ийнхөө нэр дээр хахууль болгож авсан юм.
Харин шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэнгийн хувьд З.Буяннэмэхээс 600 000 төгрөгийн хахууль аваад хилийн хоригийг нь түр хугацаагаар цуцлах шийдвэр гаргуулсан аж. “Бурхан буудай групп” ХХК-ийн тэргүүн, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч зэрэг ажил эрхэлж байсан, Тайландаас Хонконг руу нисэж байсан онгоцыг барьцаалахыг завдсан гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоож, 216 хүний амь аварсан гэх дуулианы эзэн З.Буяннэмэх “Жиансу Жунжиа Жианшин”, “Альфа ассет менежмент”, “Алмоне ойл” ХХК-ийн захирлын албан тушаалтай байхдаа шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх ёстой байсан аж. Энэ үедээ хилээр гарах эрхээ хязгаарлуулчихаад шийдвэр гүйцэтгэгчид хахууль өгч явсан байдаг. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн нэгэн хүнд “Даблью экс пи” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авахын тулд хурдан удмын адуу худалдан авсан 55 сая төгрөгийг нь төлөх аргаар, дараа нь 15 сая бэлнээр хахууль болгож өгсөн хэрэгт холбогджээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийг энэ оны наймдугаар сарын 10-нд хэлэлцээд З.Буяннэмэхийн адууны төлбөр болон 15 сая төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар Х.Оргил-Эрдэнэ, Д.Даваасүрэн нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгөөр торгосон аж. Түүнээс хахууль авсан ЗТХЯ-ны хэлтсийн дарга асныг 20 сая, шийдвэр гүйцэтгэгчийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг прокурор эсэргүүцэж давж заалдсаны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Оргил-Эрдэнэ, З.Буяннэмэх, Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэхээр боллоо.