ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулдаг этгээдүүдийг шалгадаг хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нь бусдаас их хэмжээний авлигал авдаг байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа.

Тодруулбал, тэрээр цахимаар хууль бусаар мөрийтэй тоглуулдаг бүлэг этгээдүүдээс сар бүрийн тодорхой өдөр тогтмол авилгал авдаг байсан байж болзошгүй үйлдлийг АТГ болон ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Г.Тэмүүлэнд хахууль өгсөн гэх хүн нь өөрөө хэргээ илчлээд хэргийг нь АТГ-д хандаж, хэргийг шалгаж байгаа аж.
Мөн ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгаж байгаа бөгөөд хариу нь гараагүй байгаа юм.
Ийм байхад Улс тунхагласны баярыг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас алба хаагчдаа хугацааны цол өгөхөд Г.Тэмүүлэн ахлах дэслэгч байгаад Ахмад цолоор шагнагдсан байна.
Цагдаагийн алба хаагч нь наадам болон улс тунхагласны баяраар хугацааны цол нэмдэг. “Цагдаагийн цол олгох журам”-д гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдэд цолыг нь олгоно, олгохгүй гэсэн зохицуулалт байдаггүй тул ийнхүү хугацааны цолыг нь олгосон гэдгийг эх сурвалж хэлж байна.
Хэрвээ ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас Г.Тэмүүлэнг буруутай гэж үзвэл цалин хасах, цол бууруулах, ажлаас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах юм. Харин АТГ-аас гэм буруутай байж болзошгүй үйлдлийг нь шалгаад нэг бол хэргийг хаана, эсвэл нотлох баримтуудыг хавсарган гэм буруутай эсэхийг тогтоолгохоор хэргийг прокурор, шүүхэд шилжүүлэх юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа