“Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн компанид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал “Улаанбаатар” чуулгын байранд үргэлжилж байна. Уг эрүүгийн хэрэгт прокурорууд нь хамтран бичсэн эсэргүүцэл, нэр бүхий 36 яллагдагчийн гаргасан гомдлуудыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 537 хавтаст хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авсан юм. Үүний дагуу энэ хэргийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу гуравдугаар сарын 7-ноос эхлэн дээрх чуулгын байранд хянан хэлэлцэж эхэлсэн юм. Эхний өдөр прокурорууд эсэргүүцлийнхээ үндэслэлийг танилцуулж, зарим өмгөөлөгч завж заалдах гомдлоо тайлбарлаад хурал завсарлав. Шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ. Мөн өнгөрсөн пүрэв гарагт УИХ, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох, “Нүүрсний” хэргийн хүрээнд шалгасан, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж эхэллээ. Өмнөх хуралдаа өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй З.Энхболдыг шүүгчийн захирамжаар албадан шүүх хурлын танхимд авчирсан бөгөөд бас хуралд заавал байлгах шаардлагатай гэж үзсэн гэрч Д.Доржхандыг ч оролцуулсан юм. Хурлын эхний өдөр прокурор яллах дүгнэлтээ уншиж сонсгож, шүүгдэгч дээрх хоёр хүний мэдүүлэгтэй танилцсанаар завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр болжээ.