Удахгүй намар болно

Орой нэлээн жиндэж орж ирлээ. Цаг хугацаа ч ямар маниусыгаа хүлээх биш мунгинаад л сууж байтал намар болно. Короногийн сэдэв утаагаар солигдож, утаатай ч гэсэн Улаанбаатар л гоё хэмээх эсрэг урсгалын гэрэл шоглоом шиг гялбахад өнөө оройны хоолтой нэг нь хоолгүйгээ ад үзэн ёжилно

Угтаа бид бүгдээрээ л маргаашын хоолгүй хүмүүс. Удахгүй их хүйтэн болно. Энэ их ус шавар шавхай эвэрч барьцалдан нэг л өглөө мөс болж хувирна. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг хэлц үг эрс тэс 4 улирал солигддог энэ улсын хүмүүст хамгийн ойрхон. Гадаадад гацсан гэх тодотголтой тэр бүх хүмүүс эх орондоо ирчихээд “Тэр өдрүүдийг” хаяа хаяа дурсан инээх нь инээж санаа алдах нь алдах л байх. Өнөөдөр бүхнийг барьж авч шоронд хийж байгаа хүмүүс баатар мөн үү биш үү ? гэдэг нь ч харагдана.

Монголд нэг муухай нь их шударга биш, нэг зүгээр нь тэр тэгэж удаан үргэлжилэхгүй бүх юм ээлж дараатай халаа солиотой явдаг. Өөрөө л ханаа бариад ганхахгүй явж байхад хэнтэй ч хэзээ ч харьцаж болдог. Аймар тасарцан хүн гэж байхгүй тэд нар өөрсдийгөө л тэгэж боддог байж мэднэ, аймар муудцан хүн ч гэж байхгүй босвол тэгээд босоод л ирнэ. Ер нь тийм барьцгүй гэх үү дээ.

Цаг агаар уур амьсгал бүх зүйл нь тийм барьцгүй. Живүүлж алчих гээд, шарж идчих гээд л … Яавал ч яачий гэдэг ийм уур амьсгалд хүмүүс нь бас тийм болчихдог юм шиг байгаан. Удахгүй тэгээд намар болно доо. Энэ жилийн шилдгийн шилдэг нь одоо ямар новш нь тодрох юм байгаан ккк, тэр нь аль тэндээс гараад ямар караокед ороод чухам ямар дуугаа дуулхын байгаан 😀 Хэзээ ч хүртэл бид шинэ жил, цагаан сар, валентин март, наадам айраг гэж амьдрахын байгаан …

 

Бүх цахилгааны утас, монтаж холболт нь муудчихсан хэзээ ч хаанаас ч гал алдаж бүхлээрээ шатаж мэдэх байшинд “БАЯР” гэдэг бичигтэй нэг нэг галын хор барьчихсан аав ээж нь хаяад худлаа хэлээд бүр явчихсан айлын хүүхдүүд шиг …