Нэгдүгээр ангид орох хүүхдэд гэрийн ойр сургууль хамгийн ашигтай

Нэгдүгээр ангид орох хүүхдээ чухам ямар сургуульд сургахаа эцэг, эхчүүд яг өдийд сонгодог. Аль сургууль зүгээр вэ, ямар багш дээр вэ гэх зэрэг асуултад нэг нэгнээ хариу сурагладаг ч зарим нь Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр гаргадаг ерөнхий боловсролын дунд сургуулиудын /ЕБС/ чансааг харж байж сонголтоо хийх болжээ.

Аль гайгүй сургуульд хүүхдээ сургах гэж хичээх тэдэнд сонголт хийх амаргүй даваа тулгарна. Харин дөнгөж зургаан насны босго шүргэж буй жаалуудад аав, ээжийн сонгосон сургуульд “шалгалт өгөх” том даваа ирлээ. Учир нь өдгөө чансаа сайтай дунд сургуулиуд бүгд л нэгдүгээр ангид элсэгчээсээ шалгалт авах болсон юм.
Шалгалтад даруй 300-6000 хүүхэд өрсөлдөж, тэдний тал хүрэхгүй хувь нь тухайн сургуулийн босго давах болсоор цөөнгүй жил өнгөрч байна. Амьдралынхаа анхны шалгалтыг өгсөн жаалуудын тал нь хасагдах ба тэд “Би яагаад тэнцээгүй юм бэ” гэх асуултыг ээж, аавдаа тавьж, мөн л хамгийн анхны удаа “гологдол” болсноо мэдрэх нь гунигтай. Сонгох, сонгогдох гэдэг амьдралын мөнхийн дүрэм энэ мөчөөс эхэлж байгаа нь тэр юм.

Бидний үеийнхний багад дунд сургуульд орно гэдэг нь огт “сонголт” биш байлаа. Учир нь бүгд л харьяаллынхаа дагуу “гэрийн ойрхон сургууль” гэдэг ганцхан сонголттой байсан юм. Өдгөө тэгвэл “гэрийн ойрхон сургууль” гэдэг нь бараг л хамгийн муу сургууль гэсэнтэй адил сонсогдох болжээ. Тийм ээ, дунд сургуулиуд эцэг, эхчүүдэд гологдох болсон нь энэ салбарт сүүлийн хорь гаруй жилд шинэчлэл хийгдээгүйтэй холбоотой юм. Нэг үгээр бол “гэрийн ойрхон сургууль” эцэг эхчүүдэд, цаг үедээ гологдож байна гэсэн үг.

Уг нь болдог бол бид хүүхдээ гэрийнхээ ойрхон сургуульд л хүүхдээ сургамаар байна. Өглөө, оройд хүүхэд зөөх гэж замын түгжээнд цаг гэлдрэхгүй, хүүхэд ядрахгүй, хотын зам бөглөрөхгүй гээд олон асуудал “гэрийн ойр сургууль”-ийг дагаад шийдэгдэж болмоор. Үүнийг мэдсээр байж бүгдээрээ шахам хүүхдээ Нэгдүгээр сургуульд оруулах гэж ар өврийн хаалга, халаас хайж гүйдэг нь ямар учиртай юм бэ гэж үү?!

Японд хүүхдийн аюулгүй орчны стандарт дунд “гэр сургууль хоорондын замд хүүхэд 10 минут л зарцуулах ёстой” гэсэн мөрдлөг байдаг аж. Хүүхэд аюулгүй орчинд амьдрах нэг том баталгаа нь сургууль, гэр хоорондын зай гэсэн үг. Харин манайд эсрэгээрээ. Гэрийнхээ ойр сургуулиас зугтацгааж байна.

Сургуулиас гэр, гэрээс сургууль хүрэх замд хүүхдүүд хэтэрхий их цагийг алдаж байдгыг эцэг эхчүүд ухамсарладаггүй.