“Эмоци” продакшины жүжигчин, “+17” цувралын дүрээрээ олонд танигдсан У.Цогтбаяр буюу Цогтоо этгээд үг хэллэг, үйл хөдлөлөөрөө эрхгүй анхаарал татдаг нэгэн.

Уран бүтээлчидтэйгээ цаг ямагт хөгжилдөж, өөрийнхөөрөө байх дуртай жүжигчин залуу гэр бүлтэй болсноос хойш үзэл бодол нь нэлээд өөрчлөгдсөн гэдэг. Анхны үрээ тэвэрч, аав болсон цагаас эхлээд бүр ч томоожиж, урлагийн тайзаас илүү гэр лүүгээ л яардаг болж.


Инээх нь хүртэл бусдаас содон гэмээр энэ залуу эхнэртэйгээ тэгж сүрхий романтик танилцаагүй гэнэ. Урлагийн хүн болохоор нь фэйсбүүкээр найзын хүсэлт илгээсэн гэх царайлаг бүсгүйн зургийг анх хараад төлөвлөгөө боловсруулж, эхэлж өдөөд бүтэлгүйтжээ. Зориуд андуурсан мессеж /чат/ илгээж, уучлалт гуйгаад хариу авч чадаагүй Цогтоо ахин дахин бичсээр байгаад аргандаа оруулсан аж.


Анхны болзоон дээрээ хальт үнссэн жүжигчин залууг “Худлаа гар байна даа” гэж дүгнэсэн мөнөөх бүсгүй хэдхэн сарын дараа эхнэр нь болно гэдгээ төсөөлөө ч үгүй явсан гэх.

Өдгөө хоёр хүүтэй болсон Цогтоо “Би борогдуу амьдралыг туулж ирсэн болохоор үр хүүхэддээ тийм зүйлийг амсуулахгүй гэж өөртөө амлаж амьдардаг” гэж ний нуугүй ярьжээ.