Дэлхий нийтийн хамарсан коронавирус цар тахалын улмаас дотоодын аялагчид энэ жил эх орныхоо өнцөг булан бүрт хүрч аялж байгаа.

Ингэхдээ хариуцлагагүй аялагчдын улмаас зарим байгалийн цогцолбор газруудад аюул нүүрлэж эхэлснийг мэргэжлийнхэн хэлж байна.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурт одоогоос хэдхэн жилийн өмнө аялагчид олноор очих болжээ.

Ингэхдээ нэгнээ дууриаж тус нуурын захаар тогтсон элсэн манхануудаас нуур луу гулгаж, “зугаацан” тоглосноос болж тус нуурын усны ундрага элсэнд дарагдаж эхэлсэн байна. Мөн том оврын жийп хөлөглөсөн “үхэр монголчууд” нуурын эргийн элсэн дээгүүр автомашинтайгаа явж, машиныхаа хүчийг үзэж “муухай монгол зан”-гаа гаргадаг аж. Үүнд хяналт тавьж, экологийн тэнцвэрийг хадгалахад анхаардаг газар байдаггүй.

Судалгаанаас харахад, Улаагчны хар нуур нь 574.8 хавтгай дөрвөлжин километр талбайтай, гүн нь 48 метр орчим, дундаж өргөн нь 15.7 километр, хамгийн урт хэсэг нь 36.8 километр хүрдэг байсан бол энэ жил нуурын хэмжээ харьцангуй багассан гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдээс нуурын усны хэмжээ багасаж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн байна.
Сонирхуулахад, Хар-Ус нуур илүүдэл усаа Чоно харайхын голоор Улаагчны хар нуурт өгдөг. Харин Хар нуур илүүдэл усаа Хомын хоолойгоор Дөргөн нуурт, Татхан-Тээлийн голоор Завхан голд тус тус өгдөг. 12-хон километр урт Татхан-Тээлийн гол нь зөвхөн Хар нуурын илүүдэл усыг зөөгөөд зогсохгүй Хар-Ус нуур, Ховд голын системд хамаарах Монгол Алтайн бүх гол горхи, нуурын усыг Хяргас нуур руу дамжуулах ганц суваг болдог.

Нуурын эргэн тойрондоо зохицсон үзэсгэлэнт байдлыг нутгийнхан өргөмжилж “Хангайн сувд” ч гэж нэрлэдэг. Нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Нуурын мандал дээгүүр “шунх” хэмээх цэцэг ургаж гарч ирдэг нь үзэсгэлэн төгс харагдуулдаг ажээ.