Улсын нийслэл Улаанбаатар хотын урд сүндэрлэх тусгай хамгаалалттай Богд уулыг мөнгөтэй, эрх мэдэлтэй боссууд нь хэдэн 10-н га талбайгаар нь хувьдаа авч, дээд зэрэглэлийн тансаг хорооллуудыг сүндэрлүүлж эхлээд удаж буй.


Тус уулын баруун амуудыг барилгын компаниуд арав гаруйхан жилийн дотор эзэнтэй, эзэнгүй тансаг зэрэглэлийн барилгаар дүүргэсэн. Харин өдгөө Богд уулын зүүн энгэрүүдийг “эзэгнэж” эхэлсэн байна. Нөгөө тусгай хамгаалалттай газар гэдэг нь лөөлөө бололтой.


Тухайлбал, Асем вилла хотхоны баруун талд орших энгэрт хэдэн 10 га газрыг хашаалж, газар шорооны ажлыг эхлүүлжээ. Чухам яг хэн гэдэг хүний ямар компани уг газрыг эзэмшилдээ авч, газрын хөрсийг сэндийчиж суугаа нь тодорхойгүй.
Гэхдээ энэ цагийн Байгаль орчны яамны эрх бүхий удирдлагуудтай холбоотой гэдэг нь ойлгомжтой. Газрын наймаа дэлгэрсэн энэ цаг үед нүд улаан, мөнгө цагаан болсон.

Эртнээс тахигдаж ирсэн Богд уул хэдэн жилийн дараа гэхэд түүх болон үлдэхэд ойрхон цаг айсуй.