Монгол улсын талаас “Гашуун сухайт”, Хятад улсын талаас Ганц мод”-ны боомт дунд байрлах Монгол улсын гаалийн хяналтын бүсийг “Цагаан хад” гэж нэрлэдэг.


Эндээс хоолоо залгуулдаг 16 мянган жолооч ээлж дарааллаар Навтын талбайгаас нүүрсээ ачих гэж барагцаагаар 21 хоног авто машиндаа амьдардаг болжээ. Хүний биологийн наад захын хэрэгцээ буюу усанд орох, бие засах нэг ч газаргүй, нүүрс, цус холилдсон осол дээр очих мэргэжлийн эмчгүй, утасны гэрэлд өвчтөнүүддээ тариа тарьдаг, гэр бүлээсээ хол, хортой нөхцөлд ажилладаг.


Тэднээс авто осолд орж, угаартаж, өвөлд хөлдөж, зуны халуунд цус харвалтаар амиа алдар тохиолдол цөөнгүй гардаг аж. Хамгийн сүүлд гэхэд, өчигдөр буюу найдугаар сарын 06-нд Энержи ресурсын нүүрс тээврийн жолооч авто машиндаа цус харваж амиа алдсан байна.

Ар гэрээ тэжээх гэж зүтгэж яваа тэндэнд Төрөөс огт хайхардаггүй. Таван сумын хүн амтай тэнцэх хэмжээний 16 мянган жолооч дунд үзлэг хийчих мэргэжлийн нэг ч эмч байхгүй байгаагаас эндээс харж болно.
Магадгүй нүүрсний тээврийн бодлогыг Монголчууд биш урд хөршийнхөн эрхшээлдээ авсаных ч байх.

“Таван толгойн уурхайгаас- Ганц мод”-ны боомт хүртэл 245 км замд Хятад Монголын нийлсэн 14 мянган хүнд даацын автомашин тээвэрлэлт хийхээр бүртгүүлсэн байдаг.
Яг өнөөдрийн байдлаар 12 000 тээврийн хэрэгслээр урт, богино гэсэн ангилалаар хоёр хуваагдан Монгол улсын нүүрсийг 24 цаг зөөж байна. 12 000 тээврийн хэрэгслийн 5 хувь нь буюу 600 орчим хүнд даацын машин нь монгол улсын дотоодын компаниудын өмч бөгөөд хямд үнээр тээвэрлэлтэд хоосон хонохгүйн төлөө явдаг.