Манай улсад он гарсаар тарваган тахлын халдварын таван тохиолдол бүртгэгдэж, гурван хүн тахлын улмаас амиа алдсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тахлаас сэрэмжлүүлээд байхад тарвага агнаж, тарваганы мах идэж байгаа хүмүүсийг ойлгох ухаан хүрэхгүй байна.


Хамгийн сүүлд гэхэд, Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт, шалгалтаар Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсан зөрчлийг илрүүлжээ.

Он гарсаар нийслэлээс орж, гарсан нийт 1,264,145 автомашиныг шалган нэвтрүүлсэн бөгөөд дээрх хугацаанд хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Тарвага байгаагүй бол Монголын тал хээрийн экосистем ийм байхгүй. Цөл эсвэл намаг голдуу байх байсан гэж олон улсын эрдэмтэд үздэг. Хамгийн их тархацтай гэгдэж байсан ч сүүлийн жилүүдэд тоо толгой нь огцом буурч, өмнө захын зарим нутагт устаж үгүй болсон, тэр хэрээр үржил нь багассан тарвага гэсэн судалгаа бий.
Дэлхийн нийт тарвагын 60 хувь нь Монголд байдаг байна. Монголчууд эрт дээр үеэс ан амьтад түүний дотор тарваганы нөөцийг хамгаалах, зохистой ашиглахыг эрхэмлэн үзэж хууль журмаар чанд зохицуулж байсан түүхтэй. Тухайлбал, Их Засаг, Халх журам, алтан хааны хууль зэрэг алдарт түүхэн сурвалж бичгүүдэд тусган хэрэгжүүлж иржээ. Түүнчлэн улс хоорондын найрамдалт харилцаанд тарвагыг ашиглаж байсан сонирхолтой баримт байна. Тодруулбал, Монгол Улс найрамдалт харилцааны бэлэгдэл болгож Япон улсад монгол тарвагаа бэлэглэж байжээ. Буга, чоно зэрэг амьтныг санал болгосон ч Монголын эдийн засаг, байгаль, амьдрал ахуйд хамгийн ойр байдгаар нь тарвагыг япончууд сонгож байжээ. Ингээд Богд уулаас Япон улсад хүргэсэн тарвагыг нутагшуулан тэжээснээр 16 жил насалж, үр төлөө өгсөн тухай сонирхолтой мэдээлэл байна.