Хагийн хар нуур Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн хойш 180 км газарт оршдог. Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур.

Зарим хүмүүс тус нууранд цутгал гол нэг ч байхгүй бөгөөд нуурын усны ундарга нь нуурынхаа гүнд буй хэмээн үздэг.
Нуурыг үзэх гэсэн хүмүүс хэдэн жилийн өмнөөс том оврын автомашин тээврийн хэрэгслийг ашиглан хөвч тайгийг сүйтгэсээр зорчих болсон.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл тушаал гаргаж Хагийн хар нуур чиглэлд моторт тээврийн хэрэгсэл явуулахыг хоригложээ.
Хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх, зэрлэг ан амьтныг үргээхгүй, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, байгаль орчныг хамгаалах зорилгоор Хөгийн хар нуур чиглэлд моторт тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх зөвхөн тогтоосон зам, чиглэлийн дагуу аяллыг зохион байгуулахыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай гарын хамгаалалттын захиргаанд тус, тус үүрэг болгосон байна.
Хагийн хар нуурыг зарим судлаачид дөрөвдөгч их мөстөлтийн үед 20-80 метр өндөр, хааш хаашаа 5 х 6 километр хэмжээтэй уулын хурдас мөнх цас цэвдэгт түрэгдэн уулсын ам хөндийг хааснаас үүдэн уулсын дундах хотгорт эргэн тойрны уулын оройд байх мөнх цэвдэг хайлж урсан хуримтлагдаж энэ нуур үүссэн гэж үздэг.
Мөн газар доогуур зүүнээс Хийдийн гол, өмнөөс нь Давааны горхи цутгадаг. Ийм цутгал буй учраас Хойд мөсөн далайн ай савын загас жараахай элбэгтэй.

Нуурын талбай 2.7 хавтгай дөрвөлжин километр, урт нь 2.5 километр, өргөн нь 1.1 километр. Дундаж гүн нь 11 метр бөгөөд хамгийн гүнзгий газартаа 25 метр хүрдэг ажээ.