Реппэр Rockit bay дахин сөрөг сэдэв үглэхгүй


Реппэр Rockit bay буюу “Пуужин” Баяраа нэрээр олонд танигдсан О.Баярсайхан сүүлийн хэдэн жил нам гүм амьдрах болсон. Өдгөө 36 настай тэрээр өөрөөсөө насаар дүү Ану хэмээх хөөрхөн бүсгүйтэй гэрлэж охин хүү хоёрын аав болсон. Ихэвчлэн нийгмийн сөрөг сэдвийг гогддог тэрээр дахин “Эвдэрхий хүн”, “Сахилга сул” зэрэг шигээ дууг хийхгүй байхаар шийдсэн гэнэ шүү.
Реппэр залуугийн хувьд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хорооллын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн . Эмээ нь ганц хүүтэй байсан нь түүний аав байсан юм. Аав нь өнгөрсний дараа эмээгийн ганц хүү болж маш дотно өссөн. Тэрбээр Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь 80 гарсан хэрнээ хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан гэдэг.
Баярсайхан “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхнаасаа нэг түвшин илүү байсан. Мөн зургийн хичээл, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой сурагч байв.


Тэрбээр анх 2007 оны үед “Асуулт” форумд “Nevalast” гэж нэрээрээ алдаршсан бөгөөд тухайн үед түүний гол өрсөлдөгч нь “Realeyezzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэлээр дисслэдэг байсан.
Rokit Bay Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан. Тэр тэнд таван жил амьдарсан намтартай.