Манай улсын хүн амын дундаж өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Энэ бол сайхан мэдээ. Үндэсний статистикийн хорооны тооцооллоор долоон минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж, 30 минут 36 секунд тутамд нэг хүн нас барж, манай улсын хүн ам найман минут 36 секунт тутамд нэг хүнээр нэмэгдэж байгаа ажээ.
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээс харахад, хүүхэдтэй өрхийн тоо 531,1 мянга байна.

Эдгээр өрхийн 72,8 хувь нь 0-18 насны 1-2 хүүхэдтэй, 16 орчим хувь нь өрх толгойлсон ганц бие эх, эцэгтэй өрх байгаа ажээ.
Хэдийгээр төрөөс эх хүүхдийг дэмжих Хүүхдийн мөнгө, Цалинтай ээж хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа ч гэр бүлийн нэмэлт орлогод ихээхэн нөлөөлж чадахгүй байна.

Япон Солонгост гэртээ хүүхдээ харан суугаа хөдөлмөр эрхэлж, нэмэлт орлого олох хүсэлтэй ээж нарт зориулсан тусгай хөтөлбөрийг төрөөс хэрэгжүүлдэг аж.
Жишээлбэл, бид нарын дэлгүүрээс өндөр үнээр авдаг Япон, Солонгосын хүүхдийн хувцасыг тус улсын гэртээ хүүхдээ хардаг ээж нар оёдог гэвэл итгэх үү.
Өөрөөр хэлбэл, улсдаа төдийгүй азид алдартай бэлэн хувцасны брэнд, үйлдвэрүүдийн дунд Засгийн газраас нь квот, тендер зарлаж ажил орлоготой ээж нарыг бий болгох, тэднийг хөгжүүлэх, цалин орлогыг цогцоор нь нэмэгдүүлэх арга хэмжээг авдаг ажээ.
Ингэснээр гэртээ суудаг ээж тухайн хувцасны үйлдвэртэй гэрээ контрант байгуулж, үйлдвэрээс нь бараа материал, загвар, оёдлын стандартыг зааварчлагааг авч 7 хоногтоо, эсхүл сардаа тодорхой тоо хэмжээтэйг нийлүүлдэг аж. Ингэснээр гэртээ суугаа тус улсын ээж нар нэмэлт орлоготой болохоос гадна нийгэмшиж, стресс бухимдлаас ангижирдаг гэнэ шүү.
Үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг ээж өдөрт ердөө 2-3 хан цаг ажилладаг гэсэн. Энэ цаг бол бага насны хүүхдээ унтуулах, сургуулийн насны хүүхэддээ хичээл заах хугацаа юм.

Манай улсын Засгийн газар зөвхөн бэлэн мөнгө тараахаас илүү гэртээ сууж буй ээж нарыгаа ажил орлогоор хангах төсөл төлөвлөгөөг боловсруулах бүрэн бололцоо бий.
Ингэснээр шууд үр дүн нь мэдээж хүүхдээ асарч байгаа эхчүүд, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн орлого эрс нэмэгдэнэ. Хүүхэдтэй айл өрхүүдийн амьжиргааны түвшин сайжирна. Үүнийг дагаад бяцхан хүүхдүүд эхийнхээ хайр халамж, асаргаанд эрүүл энх бойжих таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Хүүхдийг төрснөөс нь хойш эхний 1000 хоногт эхийн сүү болон шимт хоол тэжээл, сайн асаргаагаар хангах нь тархины үйл ажиллагаа болон биеийн өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдгийг анагаах ухаан нотолсон. Тиймээс ч барууны өндөр хөгжилтэй улс орнуудад ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл нь асардаг. Бидэнд хамгийн ойрын жишээ гэвэл япончууд байна. Япон ээжүүд хүүхдээ эрүүл чийрэг бойжуулах, улмаар зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх л үүрэгтэй. Тэдний гол үүрэг нь нийгэмдээ эрүүл чийрэг, зөв сайн хүн бэлдэж өгөх явдал л байдаг.
Манай улсад төлбөр өндөртэй хувийн цэцэрлэгүүдийг эс тооцвол 0-2 хүртэлх насны хүүхдийг асран халамжлах цэцэрлэг, ясли үндсэндээ байдаггүй. Тийм учраас эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ гэртээ асарч ажил хийхгүй байх тохиолдол элбэг байдаг. Ийм тохиолдолд тухайн өрх орлогын хомсдолд орно. Нэг хүний цалингаар амьдарч байгаа айл хүүхэддээ шим тэжээлтэй хоол өгч, хөгжлийг нь хангаж чаддаггүй. Түүнчлэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ хангалтгүй. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй учраас хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдаг.
Энэ бол нэг өрхийн өмнө тулгарч байгаа бэрхшээл биш төр засаг, эрх баригчид, бодлого шийдвэр гаргачдын заавал шийдэх ёстой асуудал юм. Тиймээс УИХ-ын гишүүд олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих, хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн баталгааг дээшлүүлж, хүн амаа өсгөх бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа өнөө үед хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.