УИХ-ын чуулганаар Кино урлагийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж батлаж байгаатай холбогдуулан Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн баасан гарагт Монгол кино нэгтгэл ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус газрын захирал, найруулагч, УГЗ Ж.Солонго болон урлагийн салбарынхантай салбарын сайддаа Монгол кино үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулж, мөн тулгамдаж байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо хэлсэн юм.Тус газарт 160 орчим нэр төрлийн жижиг хэрэглэл, хувцас хэрэглэл гэхэд 14 мянга орчим дээл, малгай бүс, гутал гэж бий. Хятад, Европ, Монгол хувцас байна.

Соёлын сайд С.Чулуун: Монгол кино үйлдвэрт маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна

-Монгол кино үйлдвэрийн үйл ажиллагаатай та танилцлаа. Идэвхтэй уран бүтээлийн үйлдвэрлэл хийгдээгүй удаж байна. Соёлын яамны зүгээс цаашид юуг анхаарч ажиллах вэ?

-Сүүлийн үед Соёлын яамнаас БСШУ-ны Байнгын хорооноос кино урлагийг дэмжих тухай хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаар орж дэмжигдлээ. Өөрөөр хэлбэл, Монголын кино урлагийг хөгжүүлэх, кино урлагийн дэд бүтэц, түгээлт, эрхзүйн орчныг сайжруулж, шинэ уран бүтээлчдийг дэмжих энэ чиглэлд тусгайлсан хуультай болох ажил яригдаж байна. Үүнээс гадна Соёлын яам шинээр байгуулагдаад Монголын соёл урлагийн бүхий л чиглэл дээр анхаарлаа хандуулж байна. Нэгдүгээрт эрхзүйн орчныг бүрдүүлэх, хоёрдугаарт дэд бүтэц, эдийн засгийн боломжийг олж хайх, гуравдугаарт урлаг уран бүтээлийг бодлогын хувьд хэрхэн дэмжлэг үзүүлэх авч явах гэдэг асуудлыг ярина. Энэ хүрээнд олон нийтийн анхааралд өртөөд байгаа кино урлагийн салбарын асуудал байна. Энэ салбар Зөвхөн уран бүтээлээс гадна дэд бүтэц, үйлдвэрлэл, эдийн засаг, аялал жуулчлал, өв соёлыг хадгалах, хамгаалах түгээн дэлгэрүүлэх бүх л цогц үйл ажиллагаа байгаа. Дээрээс нь боловсон хүчний бодлогын асуудал гэх мэт. Энэ бүхнийг цогцоор нь явуулах бодлогыг Соёлын яам авч хэрэгжүүлнэ. Хуучин Монгол кино үйлдвэрлэл Монголын кино урлагийн түүхэнд хамгийн том дэд бүтцийг байгуулан ажиллуулж байсныг хүмүүс мэднэ. Энэ маань цаг үеийн шаардлагаар 1990 оны үед хүнд байдалд орж, дэд бүтэц нь битгий хэл кино урлаг нь хөгжихөд эдийн засгийн хувьд саадтай. Бодит байдал ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцаж танилцлаа. Шинэ юмыг бүтээх гэхээсээ илүүтэй байгаа боломж хуучин бүтээсэн зүйлийнхээ хөрсөн дээр бодлогынхоо хувьд боломж дэд бүтцийнхээ хувьд ч тэр цааш нь хөгжүүлнэ.

Үнэхээр боломжгүй зүйлийг шинэчилж хөгжүүлэхээс өөр зам байхгүй.

-Монгол кино нэгтгэл төрийн өмчийн мэдэлд байдаг байхаа?

-Тийм. 100 хувь төрийн өмчийн мэдэлд байгаа. Энэ газрыг хувьчилсан хэн нэг хүний хувийн өмч гэж үздэг асуудал байхгүй. Харин салбарын яамны харьяанд биш, төрийн өмчийн үйлдвэрийн газар гэсэн нэртэй хэрнээ төрөөс ганц төгрөгийн татаас авдаггүй. Үүнийг салбарын яам руу яаж холбох, яам яаж бодитой өөрийн харьяаллын хүрээнд цааш нь авч явах уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй.

-Тэгэхээр энэ газар хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна уу?

Ер нь бол энэ газарт боломж, дэд бүтцийн нөхцөл байгаа юм байна. Энэ газарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Хөрөнгө оруулалтаа хаанаас босгох уу, Кино урлагийг дэмжих сангийн мөнгөнөөс тодорхой хувийг нь хэрхэн зарцуулах уу. Шууд уран бүтээл туурвих уу, эхлээд дэд бүтцээ бий болгоод тэрнийхээ дагуу уран бүтээлчдээ дэмжээд явах уу гэдэг асуудал яригдана. Гэхдээ ганц яамны хэмжээнд биш урлагийн салбарынхантайгаа ярилцаж, ирэх долоо хоногт томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна. Ингээд УИХ дээр хэлэлцэгдэх хуулийн төслийн Ажлын хэсэг дээр яригдаад эрхзүйн орчинтой, эрхзүйн орчноо дагаад хэрэгжүүлэх арга зам нь тодорхой, тодорхой хугацааны дараа хүрэх зарчим, арга зам, үр дүн нь илэрхий байна. Түүнээс биш нэг студийг дэмжиж, нэг байгууллагатай ажиллана гэсэн зүйл байхгүй. Монголын кино гэж байгаа болохоос нэг хүний кино гэж байхгүй шүү дээ. Монгол Улсын уран бүтээлийг дэлхий дахинд гаргах, за бүр дэлхийд гаргахгүй юмаа гэхэд бүс нутгийн хэмжээнд гаргаж чадах, бүр болъё Монголын хэмжээнд энэ салбарыг төлөвшүүлж уг суурийг нь тавьж өгөх нь чухал байна.
Бид дэлхий яриад өөрийнхөө нөхцөл байдлыг мэдэхгүй тал бий. Тэгэхээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж бодлогоо боловсруулна.

-Монгол кино үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Ямар асуудлыг нь шийдвэрлэж болохоор байна вэ?

-Шууд шийдвэр хэлэхэд хэцүү. Тулгамдаж байгаа асуудлыг нь Ажлын хэсэг дээр судална. Цээжний бангаар үйл ажиллагаанд хандах боломжгүй. Ямар ч байсан бүгдийг нь судлаж, материалыг нь үзэж, эдийн засгийн бололцоо юу байна. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд ашгаа хэзээ олох юм. Ер нь Соёлын бодлого үйл ажиллагааг хариуцаж байгаа төрийн төв байгууллага өөрөө дэд бүтцээ авч явах ёстой. Гэхдээ одоо байгаагаараа бол төрөөс татаас авахгүй явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийн өөрийгөө авч явахын тулд соёл урлагийн бүх салбарт анхан шатны гарааны дэмжлэг хэрэгтэй байна. 20-30 жил орхигдож, ямар нэгэн салбарын бөөрөнд наалдаад ирсэн урлаг соёлын салбарын эрэг боолт нь бүх зүйлээрээ суларчихжээ. Тэгэхээр эрэг боолтыг чангалж, бат суурьтай тогтвортой байлгахгүй бол бид наана нь яриад нэмэргүй. Дөрвөн жилийн дотор шийдэхгүй байж магадгүй. Дөрвөн жил суурийг нь тавиад өгвөл 40 жил оршин тогтнох магадлал бий.

-Соёлын яам энэ газрыг авах боломж байгаа юу?

-Бид нар энэ саналаа Төрийн өмчийн хороотой яриад Засгийн газарт танилцуулна. Харьяа байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаас хол хөндий болчихоор явахаа больчихдог.
Сум орон нутгийн Соёлын төвүүд босоо тогтолцоо байхгүй хэвтээ тогтолцоотой учраас Соёлын төвийн арга зүй, мэргэжилтэн үйл ажиллагаа гээд бүх зүйл нь тасарчихжээ. Соёлын яамнаас Соёлын төв бүх шатандаа нэг голдрилоор явбал Монгол Улсын соёл урлагийн салбар үйл ажиллагаа явуулж чадна. Би бүгдийг авах гээд байгаа юм биш, нэг голдрилд оруулах нь чухал. Үнэхээр хувьчилсан юм бол үүргээ биелүүл, хувьчилж авсан юм худалдаж авсан гэдгээ тодорхой болго. Төрд байгаа юм бол дэмжлэг үзүүл. Төр хувийн хэвшил хоёр нь нийлээд урлагийн олон салбаруудыг ямар арга замаар явуулах вэ гэдэг үзэл баримтлалаа тодорхой болгочих. Тэгэхгүй бол маргаан үл ойлголцол, хардалт сэрдэлт яваад байдаг. Одоо бол манай яаманд ийм юмнуудын араас хөөцөлдөх зав байхгүй. Бид асуудлаа тодорхой үзээд яриад явна.

Бид нар бодлогын яамтай болсон учраас яамныхаа дор ажиллуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Тэгж байж яам дэмжинэ.

-Монголын кино урлагийн хөгжил ямар шатандаа явж байна вэ?

-Би кино урлагийг мөхсөн гэж хэлэхгүй. Мэдээж энэ 30 жилийн хугацаанд уран бүтээлчид, кино урлагийг дэмжиж байгаа хүмүүс, киноны салбарынхан хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж ирсэн. Тодорхой хугацаанд үр дүнд хүрсэн нь байгаа үр дүнд хүрээгүй нэг хэсэг байгаа. Энэ бол өөрсдийнх нь хувийн хэвшлийн тэнхлээс хамаарч байна. Дэлхий дахинд хүрсэн баримтад кино ч байна. Бүр ус шиг кино ч бий. Кино урлагийг хөгжүүлэхийн тулд төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй байна. Тэгээд уран бүтээлчид, олон нийтийн байгууллага, дэмжигч, хөрөнгө оруулагчид эрхзүйн зохицуулалтаа хийж өгөхгүй байгаа учраас барьж авах зүйл алга.

Удахгүй Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Мөн Кино урлагийг дэмжих сан байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулна. Кино урлагийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж байна. Соёлын яам байгуулагдлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл, бодлогын, хууль эрхзүйн, эдийн засгийн хөрс суурь гээд бүх зүйл нь цогц байж энэ салбар цаашаа явна. Үүнийг хэн нэгэн ямар нэгэн эрх ашгийн үүднээс тайлбарлах боломжгүй. Эрх ашиг нь зөвхөн Монголын урлаг, соёлын бодлогод байгаа юм.

-Кино урлагийг дэмжих сангийн мөнгийг хэрхэн яаж зарцуулах вэ?

-Энэ сангийн мөнгийг тусгай журмаар зарцуулна. Энэ журам нь өөрөө Тусгай сангийн тухай хуульд тодорхой заасан. Журамд яаж заасан түүгээрээ зориулагдана. Түүнээс энэ санг хардаж сэрдэж, хөндлөнгийн хяналт орохгүй байх зөвлөл, шалгаруулах процесс, урдах хойдох үйл явц гээд бүх зүйлийг нь зарчмын дагуу явуулах ёстой.

-30 жилийн дараа Соёлын яам дахин байгуулагдсан. Ямар чиглэлээр яаж ажиллах вэ?

-Соёлын яамны бодлого үйл ажиллагааг тодорхой болгоно. Соёлын салбар орхигдсон гэж хэлэхгүй, харин хөгжлийн болон бодлогын хувьд дэмжлэг багатай явж ирсэн. Эрхзүйн орчин олон салбар дээр дутуу явж иржээ. Соёлын тухай хууль нь хуучирсан. Музейн тухай хууль байхгүй, Кино урлагийг дэмжих эрхзүйн орчин байхгүй гэх мэт. Уран бүтээлчдийн хувьд залуу уран бүтээлчдийн чадамжийг дээшлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэгдсэний дараа ажлын байраар хангаж өгөх зохицуулалтууд бага юм билээ. Мөн эдийн засгийн бааз суурь чухал байна. Манай соёл урлагийн салбарт санхүүжилт бага авдаг. Маш олон обьект үнэт зүйлээ алдчихсан юм байна. Бид нар Ажлын хэсэг гаргасан байгаа. Манай соёлын салбарынхан “Олон жил дээрэлхүүлсэн. Одоо бол дээрэлхүүлэхгүй шүү. Өөрийн гэсэн яамтай байна” гэсэн. Кино урлагийг хөгжүүлэх тухай хууль дээр Ажлын хэсэг гараад явна. Тэгэхээр кино урлагийн халуун тогоонд шанагдсан уран бүтээлчдийн дэмжлэг дуу хоолой хэрэгтэй байна. Төгс хууль гэхээс эрхзүйн боломжит орчинд болж байж дараа дараагийн асуудал яригдана. Бүгдийг төрөөс авч явах боломжгүй. Өнөөдрийн байдлаар 900 гаруй студи байна. Тэднээс хэд нь кино хийх чадамжтай вэ, хэд нь бүс нутгийн хэмжээнд кино хийж гаргах уу.

-Шинэ яамны бүтцийн хувьд?

-Кино хариуцсан мэргэжилтэнтэй болсон. Соёл гэгээрлийн газартай болсон. Шинэ бүрэлдэхүүнийг нэлээн чадамжтай баг бүрдсэн гэж бодож байгаа. Хэл ус сайтай гадаадад төгссөн хүмүүс бий. Ямар нэгэн эрх ашгийн харшилгүй хүмүүс авсан.

-Кино урлагийн нэр нүүр болсон том жүжигчидтэй уулзаж та ярилцсан?

-Энэ хуулийн төслийн хүрээнд ярина. Өөр зүйл ярих боломжгүй. Энэ хуулийг явуулах гэж байгаа учраас дэмжих, нэмэх зүйлээ хэлнэ.

Ингээд уран бүтээлчид салбарын сайдад Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэллээ.

Монгол кино нэгтгэл ТӨҮГ-ын захирал Ж.Солонго:Соёлын яамныхаа мэдэлд очвол санхүүгийн дэмжлэг үзүүлж киногоо хөгжүүлэх байх


Тэрбээр “Нэг ч удаа улсаас нэг ч төгрөг аваагүй. Өөрийн өөрийгөө санхүүжүүлж яваа соёл урлагийн ганц байгууллага. Санхүүгийн асуудал үнэхээр хүндрэлтэй” гэж зовлонгоо ярьсан юм.

-Кино урлагийг дэмжих тухай хууль хийгээд таван жил болсон. Олон удаа хэлэлцсэн бөөн юм болоод одоо гарах гэж байна. Энэ хууль маш цэвэрхэн цомхон аятайхан хууль гарна. Энэ хууль гарснаар кино урлагийг засгаас төрөөс дэмжих юм байна гэсэн ойлголттой байгаа.

Хуучин үед соёл урлагийн байгууллагад өгч байсан 100 хувь мөнгөний 47 хувийг зөвхөн кино эзлэж байсан. Гэвч 1992 онд нэг ч төгрөггүй болгоод зогсоосон. Цирк, Монгол кино нэгтгэл хоёрыг биеэ даа гээд хаячихсан. Ингээд бид нар 30 жил энэ салбарыг сүйрүүлчихгүй, дулаан гэрэл цахилгааны төлбөрөө төлж, гадаад талбайгаа засч сайжруулж, өөрийн өөрсдийгөө тэжээж явна. Олон үйлдвэр дампуурсан ч кино үйлдвэр хэвээрээ байгаа шүү.

Гэвч төрийн өмчит компанийн эд зүйлсийг үнэ төлбөргүй ашиглах, үнэгүй авах гэсэн санаатай хүмүүс их ирдэг. Би төрийн юмыг хүнд үнэгүй өгөхгүй. Манайд кино хийх гэж байгаа бол мөнгөө төлөөд хий. Бүх юм нь бэлэн байна.

-Соёлын сайд ирж танай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Үр дүн нь ямар байх бол?

-Кино үйлдвэрийг бүх урлаг соёлын газруудаас ганцааранг нь гаргаад улсын төсөвгүй болгочихсон. Бид нар татвар төлөгчдийн мөнгөөс нэг ч төгрөг аваагүй. Бид нар Соёлын яамныхаа мэдэлд очвол санхүүгийн дэмжлэг үзүүлж киногоо хөгжүүлэх байх. Кинонд хамгийн их хөрөнгө зардаг. Гэхдээ бид өөрсдийгөө болгож баримтад кино хийж байна, жилдээ хоёр том кино хийж байгаа. Кино урлагийг дэмжих тухай хуулийг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа учир батлагдаад гарчих байх. Одоо ганц асуудал гэвэл үзвэр. Үзвэр дээр бид бүх мөнгөө алдчихаад байна.
Нэг кино махаа зулгааж хийгээд кино театр дээр очихоор орлогын чинь 50 хувийг авна. Тэгэхгүй бол гэрээ хийхгүй гэх юм. Юу ч хийгээгүй кинотеарт 50 хувиа өгнө гэдэг үнэхээр хайран. Хэчнээн хүний хөдөлмөр шингэсэн билээ. Тэгэхээр энэ буруу тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Кино театрууд монополь болчихсон.

АНУ-д гэхэд 90 хувийг нь кино хийсэн уран бүтээлчид, 10 хувийг нь кинотеатрууд нь авдаг байх жишээний. Тэгж байхад манайд 50 хувийг нь авна гэсэн буруу тогтолцоогоор явж байна.

Уг нь бүх кинотеатрууд манай үйлдвэрийн харьяа байсан. Гэвч 1990 онд тараагаад хаячихсан.

-Хэчнээн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юм бэ?

Дөрвөн сая ам.долларын тоног төхөөрөмж авчихвал кино сэргэнэ. Гэхдээ ийм үнэтэй тоног төхөөрөмж авчихаар ирж киногоо хийж чадах уу. Кино хийх процесс үнэтэй болоод байна.

Олон удаагийн төсөл хийгээд холбогдох яам болон Засгийн газарт өгсөн ч хариу алга. Ядаж дөрвөн сая биш юмаа гэхэд хоёр сая байхад болно.

Монголчууд гадаадад киногоо гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь юу байна вэ гэвэл техникийн шаардлага хангахгүй байна. Асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

-Төсөв шийдэгдлээ гэхэд кино үйлдвэрийн боловсон хүчнүүд бий юу?

-Хангалттай байгаа. 40 гаруй хүнээс 30 гаруй нь шилэгдэж үлдсэн. Тэд нар тогтмол кино хийхэд бүрэн зэвсэг, хэрэглэлтэй байна.

Ахмад уран бүтээлчид санал бодлоо хуваалцав

 

Энэ үеэр МУГЖ Г.Равдан “Манай уран бүтээлчид санал бодлуудаа хэлье. Ерөнхийдөө кино урлагийг дэмжих хууль гарч байгаад бүгдээрээ баяртай байгаа. Ганц хүсээд байгаа зүйл прокатын асуудлыг оруулчихаж болохгүй юу. Мөн гадны кино болон гадны соёлын түрэмгийлэлийг энэ хуулиндаа яаж тусгасан бэ. Хүүхэд залуусын тархийг угааж байна” гэв.

Соёлын сайд С.Чулуун “Соёлын тухай хуульд зохицуулалт бий. Гэхдээ манайх монгол киногоо өглөө 10.00-15.00 цагийн хооронд гаргачихаж байна. Гадаадын киног эрхзүйн хувьд хязгаарлана. Гэхдээ манайхан сайн кино хийж байж бөглөх ёстой. Гадаадын кинонуудыг гаргахгүй хориглочихлоо гэхэд манайханд оронд нь оруулчих кино байна уу. Тэгэхээр бид нар хүчтэй сериал хийж чаддаг байх ёстой. Яг Орос, Турк шиг кино хийдэг байх ёстой. Ийм асуудлыг Кино урлагийг дэмжих сандаа тусгасан. Мэргэжлийн хүмүүс оролцсон зөвлөл шийднэ. Түүнээс сайд шийдэхгүй. Сайд тухайн салбарыг хариуцсаных хувьд үүрэг хүлээж зөвшөөрөл олгоно. Жишээлбэл, “та чөлөөлөх дайны тухай кино хийнэ. Жанчхүү зураг авна” гэвэл Хятадаас зөвшөөрөл авч чадах уу. Тэгэхээр албан ёсны газраас нь зөвшөөрөл авна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр киноны зураг авбал хариуцдаг газар нь зөвшөөрөл өгөх ёстой. Манайх бол ингэнэ. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй зөвшөөрөл өгнө гэхээр хориглоно гэсэн зүйл биш” гэлээ.

Төрийн соёрхолт Н.Сувд “Кино урлагийг дэмжих хуулийн эхний алхам хийгдэж байгаад баяр хүргэе.

Хуулийг уншсан, хуулийн 4.1.3 дээр хамтарсан кино хоёр улсын гэж бичсэн байна билээ. Хоёроос дээш улсын гэж бичихгүй бол 3-4 улс хамтраад кино хийдэг. Төсвөөс бүтсэн киног архивт хадгалах гэсэн дээр хувийнхныгаа бас хаячихаад байх шиг. Тэгэхээр энэ архивт төрийн болон хувийнх нь яаж орох талаар тусдаа журам байх болов уу. Хувийн уран бүтээлчдээ битгий хаяачээ.

Төрийн өмчит нэг ч кино театр байхгүй. Тиймээс хувийнхантайгаа яаж харьцах ёстой юм. Кино театрт үндэсний үйлдвэрлэсэн киног гаргах тал дээр ямар зохицуулалт хийх бол.

Боловсон хүчин бэлтгэх тал дээрээ анхаараарай. Зохиолчийн асуудал чухал байна. Дээр үед яамны дэргэд зохиолчдыг цалинтай ажиллуулж байсан юм. Санхүүжилтийн тухайд баримтад кино болон мэдээн дээр анхаараач. Дээр үед сард хоёр удаа киноны урд талд мэдээ гардаг байсан. Энэ бол Монгол Улсын түүхэнд хэрэгтэй зүйл шүү гэсэн саналыг нэмж хэлье. Киноны мэргэжилтэнтэй болсон баяр хүргэе” гэлээ.