Өнгөрөгч долоо хоногт дотны найзын маань аав өөд болж, бага наснаас найзалж нөхөрлөсөн бидний хэсэг нөхөд боломжоороо хэдэн төгрөг нийлүүлж дугтуйнд хийсээр гэрт нь очив.

Ажил нь амжиж байна уу, туслах хүн хүч, амжуулах дутуу хөтүү зүйл байна уу гэж асуувал, “Буяны цогц үйлчилгээ гэдэг юм захиалчихлаа. Мөнгийг нь төлчихөөр цаанаас нь бүх юмыг нь хийгээд өгчихдөг юм байна. Бид хамаатан садандаа хэл дуулгах, гэртээ хоол ундаа л бэлтгэхээс бусдаар гадуур хөөцөлдөх ажил алга юм байна” гэх нь тэр.

Алтан хайрцаг нээлгэхэд буусан өдөр, цагт амжуулахаар тал, тал тийш хуваагдан ажил амжуулж гүйцгээсээр гашуудах ч сөхөөгүй эцсийн замд нь үдсэнсэн.
Статистикийн тоон мэдээллээс харвал манай улсад жилд 15 мянган хүн нас бардаг бөгөөд үүнээс зургаан мянган тохиолдол нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Энэ дүн үзүүлэлтийг долоо хоногт хувааж үзвэл Улаанбаатар хотод нэг долоо хоногт 115 хүн өөд болдог гэсэн дундаж тоо гарна. Эдгээр “ажил явдал”-ын ердөө дөчөөс тавин тохиолдолд нь “Улаанбаатар Буян” ХХК тэргүүтэй оршуулах зан үйл гүйцэтгэдэг газруудаар үйлчлүүлдэг аж. Цаг зав, явдал чирэгдлээ тооцвол хэн ч л “Буян” компаниудад хандмаар…

Цогц үйлчилгээний үнийн тариф хэрвээ хөрсөнд нутаглуулах бол 1 сая төгрөгөөс 6 сая төгрөг. Үүнд, шарилын хайрцаг, булшны чулуу, шарилын машин, элс хайрга, цементнээс өгсүүлээд газар ухах гүйцэтгэл зэрэг багтах аж. Харин шарил чандарлах үйлчилгээг зөвхөн “Улаанбаатар Буян” компани үзүүлдэг бөгөөд үнийн хувьд багцын үнэ нь үйлчилгээнээс хамаарч 1,364,000₮-5,514000₮ үнэтэй. Шарил чандарлах үнэ дангаараа 730 мянган төгрөг байдаг аж.

Энэ дурьдаж буй үнийн дүнгүүд зөвхөн шарил нутаглуулах зардал бөгөөд буяны үйлчилгээний төлбөрөөс гадна гэртээ хүмүүс хүлээж авах хоол, цайны зардал, нутаглуулсны дараах буяны цагаалгын тооцоо, жижиг урсгал зардлуудыг нэмбэл өөд болоочийг нутаглуулах нийт зардал бүр л нэмэгдэнэ.

Арван хоёр жилийн өмнө буюу 2004 оноос “Улаанбаатар Буян” компани чандарлах үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд нийслэл хотод нас барагсдын ар гэрийнхний 40 орчим хувь нь чандарлах үйлчилгээг сонгодог гэсэн статистик байна. Судлаад үзвэл “буяны” бизнес хийдэг тав, зургаан компаниас хамгийн өндөр үнийн ханштай нь “Улаанбаатар Буян” гэдгийг үйлчлүүлэгчдэд “Суварга буян”, “Сувд буян” зэрэг өрсөлдөгч компаниудын зөвлөх үйлчилгээний ажилчид тогтмол сануулж, монополь компанийн үнийг буулгах шаардлага буйг “ятгах” аж.

Эндээс авч үзвэл оршуулах үйлчилгээ тэр дундаа чандарлах үйлчилгээний ханшийг буулгах бололцоо хангалттай байгаа нь анзаарагдана. Нийслэл хотод өөд болоочдоо оршуулах өртөг бодит зардлаасаа хэт өндөр байгаагаас л ажил явдал тохиолдсон гэр бүлүүдийн тэн хагасаас илүү нь “буяны үйлчилгээ”-г сонгохгүй байх шалтгаан болж байна.
Өртөг өндөртэйгээрээ алдартай Япон улсын нийслэл Токиод оршуулгын нийт зардал нь 2.31 сая иен байх бөгөөд үүний 400 мянган иен нь будаалгад, 550 мянган иен нь ламын хөлсөнд, 600 мянган иен нь чандар байршуулах хоргонд, 200 мянган иен нь салах ёс гүйцэтгэх заалны түрээсэнд, 120 мянган иен нь хөшөөн дээр тавих цэцгэнд, 80 мянган иен нь унааны зардалд, мөн нэг хүний 1000 иенээр тооцсон гарын бэлгэнд тус тус зарцуулагддаг аж. Хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, сарын дундаж орлого манайхтай харьцуулашгүй, тэр хэрээр амьжиргааны өртөг өндөр Токио хотод өөд болоочоо эцсийн замд нь үдэх нийт зардалтай ядуу Улаанбаатарын буяны компаниудын ханш худалч хүнд бараг л ойролцоо байгаа нь харамсалтай.
Оршуулгын зардал хэт өндөр байгаад буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудаас гадна бидний нэрэлхүү зан, хаанаас үүдэлтэй нь үл мэдэгдэх зохиомол ёс заншил ч хамаатай. “Талийгаач биднээс дахиж юм нэхэх биш хамгийн сайн үнэтэйг нь л сонгоё. Мөнгөн дээрээ нарийлж татганасан гэж амьтан хүн муу хэлэхвий” гэхдээ байдгаа гарган хээнцэрлэх хандлага одоо ч өөрчлөгдөөгүй.