Таргалалттай холбоотой асуудал манай нийгэмд хамгийн хүнд сэдвүүдийн нэг байдаг. Тэгвэл монголын олны танил одууд ямар дэглэмээр жингээ хасдаг талаар бид тоймлон хүргье.

Жүжигчин Г.Ундармаа

Жүжигчин Г.Ундармаа Single ladys-4 кинонд дүр бүтээхийн тулд 10 хоногт долоон кг жин хаясан байдаг. Жүжигчин бүсгүй жин хаях нууцаасаа хуваалцахдаа “Орой 19.00 цагаас хоол идэхгүй. Ус баг багаар сайн ууна. Цагаан будаа гурилнаас аль болох татгалзах. Нэг дор их идэхгүй. Хоолоо маш сайн зажилж идвэл хурдан боловсрохоос гадна шингэлж өгч байна гэсэн үг.

Хөргөгчинд амттан байхгүй тараг ногоо жимс мах байх. Мөн бүхэл үрийн талх байж болно. Одоо бол шинэ ургацын ногоо хямдхан байгаа учраас бүсгүйчүүдэд турах боломж бүр их байна гэсэн үг. Турна гэдэг цэвэр хоолных байдаг юм байна лээ. Бие хөнгөрөөд урамтай шүү” хэмээн зөвлөсөн.

Жүжигчин Г.Чулуунцэцэг

Монголын хошин урлагийн “Маск” продакшн урлагийн “акул”-ууд хийгээд шигтгээ болсон залуу, эмэгтэй жүжигчдээрээ бусдаас ялгардаг. Тэдний нэг бол жүжигчин Г.Чулуунцэцэг. Жилийн өмнө гурав дахь хүүгээ өлгийдөн авснаар “дархан бэр” болсон бүсгүйг турж, гоолиг болсон талаар ам булаалдан ярих хүмүүс цөөнгүй байлаа.

Төрсний дараа хэвийн жиндээ орно гэдэг бүсгүйчүүдийн хувьд топ сэдэв. Жүжигчин бүсгүйн хувьд ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй бөгөөд эрүүл, зөв хооллож, хөдөлгөөн хийснээр төвөггүй жингээ хассан гэж нууцаа дэлгэсэн юм.

МУГЖ дуучин С.Батсүх

Завхан нутгаараа овоглох дуртай МУГЖ С.Батсүх сүүлийн үед өөрийн эрүүл мэнддээ ихэд анхаарах болсон. Тэрээр кето хоолны дэглэм барьж биеийн жингээсээ 30 орчим килограммыг хасаад байгаа юм. Дуучин маань залуусыг ч мөн эрт ухаарч, эрүүл мэндээ анхаарал хандуулахыг уриалжээ.

МУГЖ С.Өлзийхүү

Хүнд инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг бол Шилдэг өнгө” продакшны жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүү.
Жүжигчин маань сүүлийн хэдэн өдрүүдэд сошиал орчныг шуугиулах болов. Учир нь “Нинжин сэтгэл” хэмээх шинэхэн уран бүтээлдээ зориулж 10 кг хассан нь олон нийтийн анхаарлыг татсантай холбоотой аж.

Тэрбээр “Хүн ер нь хэлэхээс нааш мэддэггүй, илүүдэл жинтэй байна гэж боддоггүй юм байна. Охин маань /жүжигчин Баярмаа/ АНУ-аас зуны амралтаараа ирэхдээ “Detoх diet” хэмээх одуудын дэглэмийг санал болгож, кино зураг авалтаасаа өмнө дэглэмээ барьж эхэлсэн. Үүнтэй хавсарч “Ари Иог”- т явж, “River club”-т фитнессээр хичээллэснээр 10 кг жинг ядах юмгүйгээр хаясан.
Одоо бол бүх зүйл хөнгөн санагдаж, өмнө нь яаж илүүдэл жинтэй байсан юм бол гэж бодогддог болсон” хэмээжээ. Мөн тэрбээр турахыг хүссэн охид, бүсгүйчүүдийгээ орхигдуулахыг хүсээгүй бөгөөд өөрийн турсан жороосоо хуваалцлаа. Энэхүү дэглэм нь нийтдээ 10 өдөр барихын зэрэгцээ хөдөлгөөнтэй хавсрах үүднээс фитнесс, иогт явбал илүү үр дүнтэй гэдгийг сануулсан юм.

Дуучин Нара

Дуучин Нара хүүгээ төрүүлснийхээ дараа 20 кг жин хаяж гайхшруулж байв. Тэрээр эргээд таргалсанаа ч өөрийнхөө буруу хоололт стресстэй холбон тайлбарладаг. Дуучин бүсгүй 20 кг хүртэл турж байсан жорынхоо тухай “Энэ тухайгаа “Уучлаарай, би чатаар бичсэн бүхэнд хариулт өгч амжихгүй ээ. Яаж турсан бэ л гэцгээх юм. Нууц юу вэ л гэж байна. Нууц байхгүй ээ, надад. Хоолоо хянаад, шингэн юм их уугаад, өглөө өдөр орой зав гаргаж фитнесс эсвэл гэртээ дасгал хийж байж жаахан жин хассаан. Би ямар нэг фитнесс клуб эсвэл тураах хувцасны реклам хийхгүй.

За, тэгээд турахыг хүсэж байгаа хүн байвал амжилт хүсье. Зүгээр л тууштай, бууж өгөхгүй хичээвэл турах байтугай зорьсондоо хүрнэ. Амжилт” гэж охид бүсгүйчүүдэд зөвлөжээ.
Сонирхуулахад, урлагийн хүний хувьд, нүүр будалтын тал дээр өөрийгөө өндөр мэдрэмжтэй хэмээн тодорхойлдог М.Нара бие галбираа ч хэт туранхай байлгахыг хүсдэггүй гэнэ лээ.

Мисс модель М.Дашбалжид

Цахим орчинд эерэг энерги түгээж буй мисс модель М.Дашбалжидын 15 кг турсан түүхийг сонирхуулж байна. Мөн тэрээр энэ туршлага дээрээ үндэслэн нэг бүсгүйг илүүдэл жингээсээ салахад нь туслахаар болжээ.
Тэрээр “Тийм ээ, энэ бол би өнгөрсөн цаг хугацааны Дашка гэдэг охин. Би хүүхэд байхын бие муутай тархины бага уналтын хэлбэр буюу унаж татдаг өвчтэй, маш туранхай өндөр сулбагар биетэй байлаа. Өвчнөөсөө болоод хүүхдүүдэд их шоолуулдаг, өөртөө итгэлгүй, бүрэг ичимхий хүүхэд байсан юм. Ээжийнхээ ачаар олон эмнэлгийн хаалга татаж алтан гартай Боргил эмч маань намайг бүрэн эмчилж өгсөн. Тасралтгүй хоёр жил эм ууж давхар хоол идсээр өвчин маань ч эдгэж ээж бид хоёрын магнай тэнийж байсан даа.
Тэр цагаас хойш сургуулиасаа шилжиж шинэ орчинд шинэ найз нөхөдтэй болж, бусдын адил бага багаар энгийн л нэг хүүхэд байх алхам маань эхэлсэн юм. Хүүхэд насны мөрөөдөл болох загвар өмсөгч болох битүүхэн хүсэлтэй ч дотроо өөрийгөө голж айж эмээж явсаар нэг ч удаа агентлагийн хаалга таталгүй явсаар оюутан боллоо.

Оюутан болж хичээл номондоо шамдан давхар ажил хийж, гуанзны хоолонд ороод нэг мэдэхэд би гэдэг хүн чинь 70 кг бараадсан явж байдаг юм байна. Хүмүүс “Ямар аймар тарган болчихсон юм бэ” гэдэг байсан ч угаасаа л туранхай байсан болохоор жоохон махлах зүгээр санагдан толинд харахад гоё харагдсаар нэг өглөө таарах зуны шорт олдохоо байсныг анзаарч сэтгэлээр унан хэрхэн жингээ хасах талаар толгой гашилгаж эхэллээ.
Эхний алхам болгож хоолоо сойлоо. Өдрийн дөрөв шахуу хоол иддэг байсан хүн дэглэм барихаар 7 хоноод л шантраад иднэ. KFC, пицца, чихэр жимс харахаар ганц л амьдарна гэж бодоод иднэ. Найз нөхдөдөө уруу татагдаж иднэ. За маргаашнаас дэглэмээ яг барина, өнөөдөр сүүлийн удаа идье гээд л иднэ.
Гэхдээ юу гээч, хэзээ ч ийм хоёрын хооронд сэтгэлийн дэглэм амжилт олдоггүй юм байна билээ.
Хүний бие организм ямар хоол хүнс иднэ яг тэгж л харагдана, бас ажилладаг.
Нэг өглөө амьдралаа өөрчлөх том шийдвэр гаргаснаар амттаныг амьдралаасаа бүр мөсөн хасаж хоолны дэглэмээ маш нарийн барьж хоол хүнсний талаар судалж уншиж эхэлсэн юм даа . Мөн фитнессээр хичээллэж долоон хоногтоо таван удаа бэлтгэл хийж, давсыг бага багаар хасаж, усыг маш сайн ууж эхэлсэн.
Үр дүн гарахын хэрээр өөртөө итгэлтэй байж, уруу татсан найзуудын үгийг сонсохоо больдог юм билээ. Бас тэр үед найз нөхдийн дэмжлэг найзыгаа ойлгох уруу татахгүй байх их чухал шүү!!! Хэзээ ч битгий жин хасаж буй найздаа “За ганц л удаа шүү дээ, ямар сүртэй юм, миний төрсөн өдрөөр уусангүй, чи ингэж явж турах уу” гэх үгсийг битгий хэлээрэй !!! Та ч гэсэн хүмүүсийн энэ үгэнд битгий автаарай. Таны бие таны эрүүл мэнд зөвхөн танд л хамаатай шүү дээ.
За тэгээд тасралтгүй зургаан сар будаа, төмс, гурил, чихэр жимс, газтай ундаа, тостой хоол ,спирт, кофе, түргэн хоол гэх мэтийг хүнснээсээ хасаж идэвхтэй хөдөлгөөн хийж 55 кг гэх жин рүү орж урьд урьдынхаасаа ч илүү гуалиг, эрүүл биетэй болсон юм.

Ингээд нэг өдөр би гэдэг хүн чинь хүүхэд насныхаа мөрөөдлийг бага ч болов биелүүлж, ядаж загварын анхан шатны ангид орж хичээллэж үзье гэж шийдээд Gloria агентлагийн хаалгыг анх татан оров. Их ичиж сандарч байсан ч нүдэнд дулаахан сайхан инээмсэглэсэн эгч намайг угтаж авсан нь одоо миний хайртай багш топ Уянга маань байсан юм. Энэ үеэс л багш маань миний амьдралыг өөрчилж намайг мөрөөдөлдөө алхам алхмаар ойртоход минь тусалж их зүйл зааж өгсөн юм даа. Энэ ташрамд багшдаа маш их баярлаж явдгаа хэлье.
Одоо ингээд харахад хүн чадахгүй мэдэхгүй гээд өөрийгөө голоод өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байвал чи нэг л газраа байгаад байна. Өөрийгөө хэзээ ч битгий гол. Өөрийнхөө төлөө зүтгэ, хичээ. Амьдрал хичээсэн хүнийг л шагнадаг юм шүү.
Ийнхүү өөрийгөө дайчлан өөрчлөгдөж чадсан модель М. Дашбалжид маань өөрийгөө өөрчлөх, илүүдэл жингээсээ салах хүсэлтэй нэг хүнийг сонгож хоёр сарын туршид хамтран ажиллаж жин хасалт, нүүр будалт, арьс, үс шүд арчилгаа болон стиль имиджийг тодорхойлж өөрчлөхөөр болж зургадугаар сарын 13-нд эхний шатанд таван охидыг тэнцүүлжээ. Тун удахгүй түүний ажлын үр дүн гарч өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйг шинээр бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.