У.Хүрэлсүхийн Засгийн газар 7- р сарын 1 хүртэл 100 мкв хүртэлх бүх цахилгаан дулаан усны үнийг 100 хувь Эрдэнэт үйлдвэр хариуцах шийдвэр гаргав. Аж ахуйн нэгжүүд ч мөн үүнд хамаарна. Энэ бүх төлбөрийн нийт үнэ нь 650 тэрбум төгрөг. Энэ шийдвэр бол эгэл амьдралыг мэдэх хүний сэтгэлээс л гарах хөнгөлөлт мөн. Баяр хүргэе.

Харин сэтгүүлчийн зүгээс нэг зүйлийг сануулмаар байна. Энэ бол 2017 оноос эхэлж өвсөнд тавьсан түймэр мэт дүрэлзсэн шударга ёсны тэмцлийн үр дүн билээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болоход хоёуланд нь одоогийн Ерөнхийлөгч илт давуу буюу 100 мянган саналаар ялсан. Үүний дараа МАН дотор “хувьсгал” гарч Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын суудлаас нь унагаж одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаа авч байлаа. Дараа нь УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг огцруулах гэж УИХ-ын 40 гаруй гишүүд нэгдэж УИХ- ын үйл ажиллагааг сар гаруй зогсоон байж ялалтад хүрч байв. Тэд хуулиа өөрчлөн Улсын дээд шүүхийн даргыг, УЕП- ыг, АТГ- ын даргыг албан тушаалаас нь буулгасан түүхтэй. Энэ бол эрх мэдэл албан тушаалыг сүлжээг зад татаж МАНАН бүлэглэлийн эсрэг хийсэн тэмцэл байлаа.

Тэд Салхитын мөнгөний ордыг төрд эргүүлэн авснаар өнгөрсөн жил тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэж, зээл аваагүй ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер олгох хууль гаргасан. Тэд бас Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан ХББ -аас хувийг нь буцаан төрийн мэдэлд авсан. Одоо ирэх оны 7-р сарын 1 -ний өдөр хүртэл цахилгаан дулаан усны мөнгийг тэглэж, шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулав. Энэ зардлыг Эрдэнэт үйлдвэр хариуцахаар болж байна.

Хэрэв Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ХХБ-д хэвээрээ байсан бол бид өнөөдөр энэ хөнгөлөлтийг эдлэхгүй байлаа. Юу үнэн, энэ үнэн. Энд нэг л зүйлийг онцлон хэлмээр байна. Төрийн гурван өндөрлөг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ- ын дарга нар нэг санаатай байж Монголоо гэсэн сэтгэлтэй байвал юуг ч хийж чаддагийн нотолгоо энэ. Тэд нэг санаатай байж, тэд байгалийн баялгийг тэгш хуваарилах гэж , тэд ард түмний дутуу гучуу амьдралыг хэрхэн өөд нь татаж , үр шимийг нийтэд хүртээх талаар санаагаа чилээж гарц гаргалгаа олж чадаж байна.

Хамгийн гол нь тэд нэг санаа, нэг зорилготой ажиллаж байна. Дахиад нэг жишээ дурдъя. 2019 оны 4- р сараас эхэлсэн Зүүнбаянгаас Тавантолгой чиглэлийн төмөр зам барих ажил үндсэндээ дуусах шатандаа орлоо. “Ковид-19” -ийн хөл хорионоос болж сая сар гаруй хүндрэл учраагүй бол өдийд хүлээлгээд өгчих байв. Мөн Тавантолгойгоос Гашуунсухайт руу чиглэсэн 267 км төмөр замын замын ажил ч урагштай явж байна. “Бодь интернэйшнэл” төсөл хариуцаж тун хариуцлагатай ажиллаж байна. Бүтэн 10 жил гацсан төмөр замын бүтээн байгуулалт ганцхан жилийн дотор ийм хурдтай явж байгаагийн учир юу вэ. Өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд нэг санаатай байх үдээ байсаан. Харин тэд Монголын ард түмний төлөө гэх сэтгэл үгүй байлаа. Тэд зөвхөн өөрсдөө баяжих, өрөөлд Монголынхоо баялгийг хямд үнээр зарахын төлөө ажиллаж байсан юм. Тэдний энэ үйлдэл шүүхээр нотлогдож байгааг бид харж байна. Харин өнөөгийн төрийн өндөрлөгүүд Монголын төлөө гэх чин сэтгэлээр нэгдэн ажиллаж байгаа талархаж сууна.

Бас нэгэн жишээ. Монголчуудын хувьд сүүлийн 30 жил мөрөөдсөн Газрын тосны үйлдвэр Дорноговийн Алтанширээ суманд баригдаж байна. Бас л жил гаруйн хугацаанд төмөр зам, авто зам, цахилгаанаа татаад дууссан. Одоо ажилчдынх нь хотхон баригдаж буй. Хэрэв монголчууд өөрийн гэсэн газрын тосны үйлдвэртэй болчихвол жил болгон гадагшаа шатахуунд цацдаг тэрбум гаруй америк долларыг дотооддоо шингээнэ. Саяхан ҮАБЗ- аас газрын ховор элементийн ордуудыг төрийн мэдэлд авсан байсан. Газрын ховор элементийн нөөцөөрөө манай улс АНУ- аас гурав дахин их. Энэ бас л нүдээ олсон шийдвэр. Үе үеийн төр засгийн удирдлагууд байгалийн баялгийг хэдхэн гэр бүлд хүртээж байсан бол өнөө цагийн удирдлагууд ашиг шимийг нь ард түмэнд түгээх гэж хичээж байна. Эхнээсээ ч хэрэгжиж байна.

Дахиад нэг жишээ хэлж өгье. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад шинээр барьсан “Шинэ сум” төсөл ямархан хэл ам дагуулж байлаа. Гэтэл өдгөө УИХ -ын дарга Г.Занданшатар энэ төслийг үргэлжлүүлэн Баянхонгор аймгийн Өлзийт суманд бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна. Энэ төслийг өдгөө бүх аймагт үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа нь бас үнэн. Ингээд бодохоор төр засгийн удирдлагууд нэг санаатай нэгдмэл бодлоготой байж чадвал Монгол улсад ямар их юм хийж чадахыг нотолсоор байна.

Мэдээж тэдэнд санал зөрөх зүйл их бий. Зөрөлгүй ч яахав. Гэхдээ урагшлах, хөгжих санаа нь нэг байгаад талархая. Ховын муу үг хооронд нь сүлбэж, эвэнд нь цав суулгүй ирэх онуудыг давах болтугай. Тэгж гэмээнэ ялагч нь Монголын ард түмэн байх болно. Монгол ялахын учир энэ бөлгөө.

сэтгүүлч Л.Мөнхбаясгалан