Г.Угалзцэцэг дээд сургуулиа төгсөөд гэр бүл зохиож, хүү, охин хоёр төрүүлжээ.

Тэрбээр амьдрал нь тэгширсэн хойноо фитнессээр хичээллэж эхэлсэн байна. Амжилтаар дүүрэн бүсгүйн нөхрийг Г.Мөнгөнбаяр гэдэг. Тэрбээр удам дамжсан зураач. Төрийн шагналт, УГЗ, байгалийн нэрт зураач асан Цэмбэлдорж агсны ач хүү юм.

Бодибилдинг фитнессийн Азийн 3, дэлхийн 4 удаагийн аварга, МУГТ Г.Угалзцэцэг нөхөр Г.Мөнгөнбаярын хамт “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцсон юм.

Хэдийгээр МУГТ Г.Угалзцэцэг хатуу ширүүн спортоор хичээллэдэг ч эмэгтэй хүний зөөлөн, сэтгэл булаам чанаруудаа нэвтрүүлэгийн үеэр харуулсан юм. Түүний нөхөр тун тайван, хүлээцтэй сайн сонсогч гэдгээ харуулаад амжсан.

МУГТ Угалзцэцэг нэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид үргэлж цуг байсаар байгаад сүүлдээ тусдаа хэдэн цаг болбол “Хүүе, хаана явна” гээд бие биеэ асууж сураглаад эхэлнэ. Нөхөр бид хоёр 20 дөнгөж гарч байхдаа 2001 онд айл болж, хашаа байшин хөлслөөд л өрх тусгаарласан. Хоёулаа анх нэг нэг чемодантай л нийлж, амьдралыг багаас нь эхлүүлсэн учир бидний амьдрал маш үнэ цэнэтэй. Тэр хооронд мөнгөгүй, хоолгүй хонож байсан үе ч бид хоёрт бий. Тэр бүхнээ одоо эргээд дурсахад сайхан байдаг.” хэмээж байжээ.