Бадам, Чагдар хоёр хүүхэлдэйн киноны зохиолч шагнал хүртжээ

Цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт, шэйр авсан энэхүү богино хэмжээний хүүхэлдэй бол “Бадам, Чагдар” хоёр юм. Уг киног Буриадын найруулагч эхнэр, охины хамтаар бүтээжээ. Буриадын ” Үлэгэр “хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал ” медалиар шагнасан байна. Улаан Үд дэх Монголын Ерөнхий консулын газраас тэдэнд хүндэтгэл үзүүлэн найман настай Янжим охинд гарын бэлэг гардуулжээ. Чагдар, Бадам хоёрын адал явдлыг буриадуудаас илүү монголчууд ихээр үзэж, сонирхсон нь уран бүтээлчдэд урам өгсөн тухайгаа найруулагч Эрдэни Жалцанов ярьж байв. Тэрбээр “Би Чагдар, Бадам хоёрын дүрийг өөрөө зохиосон. Өөрөөр хэлбэл, бага насаа дурсаж зурсан гэж хэлж болно. Энэ богино хэмжээний киногоо анх бага охиндоо зориулж бүтээсэн. Хүүхэлдэйн киногоо ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй” гэлээ.