Clubhouse удахгүй Android дээр танилцуулагдана
Сүүлийн үед “Clubhouse” хэмээх сошиал хэрэглүүрийг дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байна. Зөвхөн урилгаар хэрэглэгч нь болдог энэхүү аудио-чат хэрэглүүр нь анх 2020 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийж, өдгөө зургаан сая гаруй хэрэглэгчидтэй болжээ. Гагцхүү ганц сул тал байгаа нь “Clubhouse”-ийг одоогоор зөвхөн “IOS” үйлдлийн системтэй “iPhone” гар утастай хүмүүс л хэрэглэх боломжтой. Технологийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “iPhone” гар утасны микрофоны чанар сайн учир “Clubhouse” эхлээд “iPhone” дээр нээлтээ хийсэн гэв. Тэгвэл “Clubhouse”-ийг хөгжүүлэгч “Alpha Exploration Co.” компанийн зүгээс удахгүй бүтээгдэхүүнээ Android хэрэглэгчдэд хүргэхээ мэдэгдлээ. Тус компанийн блог хуудаснаа “Анхнаасаа л бид энэхүү бүтээгдэхүүнээ хүн бүр хэрэглэж болохоор бүтээхийг хүссэн. Үүнийг бодолцон бид илүү дэвшилтэт, олон боломжит бүхий “Android” хэрэглүүрээ удахгүй танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст “Clubhouse”-ийг мэдрүүлэхийг зорино” хэмээж, хэзээ яг “Android” үйлдлийн систем дээр нээлтээ хийх огноогоо зарлаагүй ажээ.