Монгол замын компаниуд дампуурч байхад Хятадын компаниуд олон улс, улсын, нийслэл, орон нутгийн чанартай замуудыг хуу хамсаар. Гэвч тэд өөрсдөө хийхгүй. Тэдэнд техник, ажиллах хүч байхгүй. Авсан тендэрийнхээ багахан хэсгийг Монгол компаниудад өгөөд дундаас нь зүгээр сууж байгаад мөнгө унагана.

Ядаж татвар, нийгмийн даатгал төлдөг болов уу?

Манай улс Хятадын “Шинжиан Шинфа” гэх ганцхан компанид 88 тэрбумын өртэй. Мөн Хятадын “HKB international holding Ltd” гэх компаний сүүлийн хэдхэн жилд Монгол улсаас авсан нийт тендэрийн үнийн дүн 300 орчим тэрбум төгрөг.
Энэ нь манай улсаас замын салбарт зарласан тендэрийн ажлын 60 хувь юм. Гэвч тус компаний талаар мэдээлэл Монголд бараг байхгүй. Олон улсад зам тавих болон барилгын үйлчилгээ эрхэлдэг гэсэн тодорхойлолттой. Манай улсын хуулийн этгээдийн бүртгэлд байхгүй. Фейсбүүкт “HKB international holding Ltd” гэсэн пэйж хуудастай боловч тэнд компаний үйл ажиллагаа, техник, ажиллах хүчин зэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй.

Зөвхөн Монгол улсад барьсан замын зураг, орон нутгаас нь өгсөн батламжийг л оруулжээ. Тухайн компаний талаар мэдээллийг Хятадын болон Олон улсын системээр шүүж үзэхэд тухайн нэртэй компани Хонг-Конгд бүртгэлтэй гэснээс өөр мэдээлэл алга.Энэ компани зөвхөн улсаас зарладаг тендэрүүдэд оролцохоос өөр төрлийн үйл ажиллага эрхэлдэггүй. Зам шалгах замын инженер оффисын хэдэн албан хаагчид л ажилладаг байна. Тендэрт ялж, авсан ажлаа Хятад болон Монголын замын компаниудаар хямд үнээр хийлгэж, үнийн зөрүүнээс ашиг олдог компани бололтой. Хийсэн замын ажил нь хэл ам дагуулаастай. Хятад компани чанартай зам тавьдаг гэвэл бас тийм биш. Энэ компаний Увсын Тэсийн гол дээр барьсан гүүр нь тэр даруйдаа нурсан ч байгальд бурууг нь тохоод өнгөрсөн. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховдод эхлүүлсэн зам,Алтанбулаг хилийн боомтын хатуу хучилттай авто зам,авто зогсоолын барилгын угсралтын ажлаа өнөөдрийг болтол цаг хугацаанд нь дуусгаагүй байна.
Буух хаяг буцах эзэн байхгүй ийм гадаадын компаниудад хамаг мөнгөө өгч байхаар замын тендэрүүдийг ядаж монгол компаниуддаа өгдөг болоосой.

Мөнгө нь нэг ч гэсэн Монгол айлын амьдрал, хүүхдүүдийнх нь ирээдүйд зориулагдна биз дээ.Корона улс орнуудыг аль болох гаднаас хараат бус, бие даасан, дархлаатай байхыг сануулсаар байгаа бус уу?

Б.Отгон