Мөнгө угаасан хятадуудын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Монгол Улсад олноороо орж ирэн мөнгө угаасан, цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гурван өдөр хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ биелүүлэх боломжгүй үндэслэлээр буюу 2019 оны оны аравдугаар сард БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн 800 гаруй хүний дунд багтан эх орондоо буцсан нэг хүнийг авчирч, тайлбар мэдүүлэг авах, шүүхэд дуудан ирүүлэхийг даалгасан юм. Үүнийг үл зөвшөөрч НПГ-ын хяналтын прокурор Х.Еркебулан, Ц.Гансүлд нар эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүхийнхэн хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.