Нэгүүн.мн сайтын хамт олон Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож байгаа талаар цуврал мэдээ, сурвалжилга, нийтлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
Уг цуврал бүтээлийн араас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжлээд байв. Улмаар хэргийг нь шалгаж байхад тус үйлдвэрээс хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Хүнсний аюулгүй байдал дэглэм сахиулах асуудлыг Зөрчлийн хуульд заасны дагуу МХЕГ эрх хэмжээнийхээ хүрээнд Зөрчлийн хэрэг нээгээд энэ асуудлыг шалгасан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна гээд МХЕГ-аас нийслэлийн прокурорт асуудлыг шилжүүлсэн. Уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ЭЦА шалгаж, мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ

БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн20.12 дугаар зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх

… Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол…

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

 

Зургийн тайлбар: БНХАУ-ын иргэн, шүүгдэгч Чен Бин

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтаар гэм буруутай эсэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалан энэ өнгөрсөн 2023 оны тавдугаар сарын 5-нд хэлэлцээд нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж байсан юм. Анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүний эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан түүхтэй.
Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн.  Уг шүүх хуралд “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл ирээгүй, орчуулагч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан бөгөөд  гурав дахь удаагаа товлогдож, гэм буруутайд тооцсон юм. Тодруулбал, Прокуророос “Эм Ди Си Пи” ХХК-ийг гэм буруутайд тооцож, 70 сая төгрөгөөр торгох саналтай байгаагаа танилцуулсан. Мөн энэ хэрэгт яллагдагчаар татагдаад буй БНХАУ-ын иргэн Чен Бинд гоёо хадгалсан гэх үйлдэлд нь 10 000 000 төгрөгөөр торгох, өмхий мөхны хэрэгт нь 40 000 000 төгрөгөөр торгох ял, нийт 50 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн агуулахад байсан өмхий махыг устгалд оруулах саналтай байгаагаа шүүх хуралд танилцуулсан.
Яллагдагч нарын өмгөөлөгч хуульд заасан хамгийн бага ял оногдуулах санал оруулсан юм.

Улмаар шүүхээс яллагдагч БНХАУ-ын иргэн Чен Бинд 25.4 сая торгох ял оноолоо. Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэлд 70 сая төгрөгийн ял оноож, байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийн хаалаа. Мөн агуулахад байгаа мах болон нунтаг зүйл, 960 грамм гоёог устгахаар боллоо. Мөн Монгол улсын хилээр гарах эрхийн хязгаарлав. 

Тэгвэл энэхүү ялыг БНХАУ-ын иргэд эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Маргааш буюу 2024.03.27-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уг хэргийг хэлэлцэх тов гараад байна.

Бид энэ хэргийг  шүүхээр эцэслэн шийдэх хүртэл олон нийтэд мэдээлсээр байх болно.

А.Баярмаа