Засгийн газраас хоёр ч томоохон ажил хэрэгжүүлэхээр зэхэж байна.

1. Олон жил ашиггүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эцэслэн шийдэх

2. “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийн хүрээнд сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх хүсэлтэй, 18-34 насны мянган хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм. Энэ хүрээнд 5000 хүнийг сургах бөгөөд 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг зарцуулах юм байна.

2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Нийт 446-н аж ахуйн нэгж байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай ажиллажээ. Энгийн томьёогоор 444 компани улсыг өрөнд оруулж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, 444 захирал, дарга нар тансагладаг гэсэн үг юм. Зарим хүмүүс төр муу менежер гэж онол дэвшүүлдэг ч гэсэн манай төрд хулгай нүүрлэсэн гэдэг нь илүү үнэн юм. Эдгээр дарга, захиралууд хувийн компанид байсан бол аль хэдийн хөөгдөх бол төрийнх учраас хамаагүй гэсэн сэтгэлээр ханддаг нь үүнээс харагдана.

5000 залуусыг тэтгэлэгтэй сургаж ажил мэргэжил эзэмшүүлэх нь зөв боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намдаа зүтгэх троллууд, магтан дуулагч нарыг бэлдэх вий гэсэн бас нэгэн болгоомжлол бий. Мөн эдгээр залуусыг нэг сар мэргэжил эзэмшээд гараад ирэхэд нь хаана ямар компанид ажиллуулахаа ил тод болгох хэрэгтэй санагдана. “Саалиа бэлдэхээ саваа бэлд” гэдэг шиг ажиллуулах газаргүй байж, олон залуусаар наадаж, хий дэмий хоосон горьдлого тээлгэх магадлал өндөр болоод байна.