Хөл хорио эхэлснээс хойш телевизийн сувгаар “Карантин 14” шууд шоу өдөр бүр цацагдаж буй. Уг шоуны ноён нуруу болсон “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг буюу олноо Билгээ сүүлийн үед сошиал од болоод буй.


Үзэгчид түүнийг тус нэвтрүүлгийн партнёр хөтлөгч топ модель Э.Одгэрэлтэй холбон маазарч эхэлсэн. Магадгүй үзэгч олны нууцхан хүсэл нь хайртай хөтлөгчөө хань ижилтэй болоосой хэмээн бодсондоо тэр биз…


Өдгөө бага хүү, өөрийнхөө ээжийн хамт амьдардаг тэрээр 36 настай. Амьдралын зовлон жаргалыг өөрийнхөө биеэр эдэлж яваа тэрээр хоёр ч удаа амьдрал зохиосон гэдэг. Тэднээсээ тус бүр нэг хүүтэй. Том хүү нь хэдийнэ өсвөр насны “том эр” болсон бол бага хүү нь дунд сургуулийн бага ангийн сурагч.


Оюутны ширээнээс анхны амьдралаа үе тэнгийнхээ бүсгүйтэй эхлүүлсэн ч, тэдний амьдрал дардан байгаагүй. Залуу насны аагаар хэн хэндээ буулт хийлгүй хоёр тийш болсон гэдэг. Том хүү нь өдгөө ээжтэйгээ амьдардаг.

Гучин насны босгон дээр бага хүүгийнхээ ээж Г.Наранбилэг хэмээх сайхан бүсгүйтэй учирч, хайр дурлалаар жигүүрлэн мөрөөдлийн хуримаа ёс төртэй хийсэн он тэртээ 2015 он. Гэвч хуримнаасаа хойш яг жилийн дараа хайрт ханиа өвчнөөр алдаж, бяцхан хүүгээ энгэртээ тэврээд хоцорч байсан гунигт түүх түүнд бий.

Түүний гангараа болсон хүүгийн зургаас.