Короновирусын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, монголчууд бид хүндхэн өдрүүдийг даван туулж байна. Энэ цаг үед зарим “үл итгэгчид”-ийн зүгээс “Короновирус монголд байхгүй, сонгуультай жил учир зүгээр л улс төр хийж байна” хэмээн тархи угаалтыг ойр дотныхондоо өгүүлсээр байгаа.
Тэгвэл уг вирусыг өөрийн биеэр тусаад эдгэсэн урлаг соёлын салбарын олны танил хүмүүсийг танилцуулж байна.


Найруулагч Ц.Хүсэлбаатар

Нэгэн цагт хошин урлагийн салбарт “Өнгөт инээд” хамтлагаараа байлдан дагуулж байсан найруулагч Ц.Хүсэлбаатар тус вирусыг тусаад даван гарчээ.


Энэ тухайгаа тэрээр “КОВИДООР ӨВДВӨЛ ЯАХ ВЭ? Миний туршлага. К-19 ийн үед бие суларч хөдлөх ажиллахад залхуутай болж толгой дүйнгэтэн нүдний угаар хөндүүрлэж бие зарайж үе мөч нуруугаар өвдөж амьсгал давчдах мэдрэмж төрж доошоо гүйлгэн хоолонд дургүй болж бөөлжис хүрнэ.Энэ нь халдварласнаас хоёроос гурав хоноод илэрч эхэлнэ.Нэн тэргүүнд бие зарайж толгой дүйнгэтэн нүдний угаар хөндүүрлэж эхэлнэ.Эмчид хандах хүртэл энэ хооронд шууд өөрийгөө тусгаарлан халуун ус цай их хэмжээгээр ууна.Бас 350 төгрөгийн витамин С уутаар нь шууд хагас аяга халуун усанд найруулан өдөрт 3 аас 4 уутыг ууна.Бас бие өвдөхийг намдаахын тулд парацетамол ууна.Витамин D 4000 тайг өдөрт 1 ууна.С витамин 1000 нэгжтэйг өдөрт өглөө орой хоёр удаа ууж болно.Би бол ампациллин 500 тайг 6 цагаар давхар ууж байсан гэхдээ антибиотик эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй байх.Аспирин 81 болон аспирин 100 бас өдөрт 1 удаа ууж цусаа шингэн байлгана.Цус шингэлдэг учираас ууна.Тэгээд гол нь хурдан шинжилгээ өгч эмчийн заавар зөвлөлгөөг дагаарай.Маш хурдан хатгаа болж бөөрний дутагдалд оруулдаг гэнэт хүндэрдэг хүндэрсэн үедээ шууд амь насанд заналхийлдэг маш аюултай өвчин шүү.Цаг алдалгүй эмчид хандаарай халдвараас бас сэргийлээрэй.Хөл хорионы дэглэмийг сайн сахиарай.Бас их хөлөрнө даарч болохгүй шүү.Бас амт үнэр зарим хүнд мэдрэгдэхгүй болдог надад тийм зүйл болоогүй ч тамхи их муухай үнэр амттай болж ирсэн тэр чигтээ тамхийг татахгүй болчмоор л юм билээ ккк” гэжээ.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг


Жүжигчин, фото модель П.Шүүдэрцэцэгийг үзэгчид “Анирлагч”, Бид 3-ын болзоо”, “Хайрлаж болох уу” зэрэг кинонд тоглож байснаар нь танина. Америкт хэлний мэдлэгээ дээшлүүлж магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа тэрээр короновирус туссан тухайгаа клабхаус-т зочлох үедээ ярьсан. Мөн хэрхэн энэ өвчнөөс сэргийлж, өөрийгөө эмчлэх гэх мэт сэдвээр зөвлөгөө өгч, бусадтайгаа мэдээлэл хуваалцаж байв.
Тэрбээр “Монголчуудад өгч байгаа мэдээлэл өрөөсгөл, хэт сүржигнээд айдаст автуулаад туссан хүмүүсээ ялгаварлах үзэгдлийг бий болгоод байна” гээд, тусаад эдгэсэн талаараа өөрийн бодлоо ний нуугүй ярьжээ.

УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ


УДЭТ-ийн хамгийн харизмтай чадварлаг жүжигчин гэгддэг СТА С.Болд-Эрдэнэ гуравдугаар сарын эхээр ажлаа хийж яваад тус вирустай “учраа таарчээ”.
Угийн ашиг сонирхол, амбиц хөөдөггүй тэрээр эдгэснийхээ дараа ХӨСҮТ-ийн эмч нарт хандаж, сэтгэлийн үгээ цахим хуудаснаа бичиж байв. Тэрбээр “ХӨСҮТ ээс эмчлэгдээд гарч буй байдал…Эмч Оюунгэрэл сувилагч Байгалаа эгч болон тэдний баг хамт олонд Монголын бүх эмч сувилагч асрагч эмнэлгийн ажилтнууддаа эмч нарын өдрийн мэндийг хүргэж чин сэтгэлийн талархал илэрхийлье…Тэд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа…14 хоног ажил дээрээ хонож ажиллаад шууд 14 хоног тусгаарлагдана…Тэгээд гэртээ 7 ч хонохгүй дахиад ажилдаа…БАЯРЛАЛАА ТА НАРТАА..” хэмээжээ.

Загвар өмсөгч О.Амгаланбаатар


“Содура” киноны дүрээр олонд танигдсан жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авч, хатгаа болон хүндэрсэн байдалтай ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа тухайгаа хэдэн хоногийн өмнө өөрийн цахим хуудснаа бичсэн байдаг.
Тэрбээр “ХӨСҮТ-д Covid19 уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар хүндрүүлж ирчихээд хөгийн царайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдохов. Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Энэ ковид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цар тахал гэж сүржигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хүч хүрэлцэхгүй ч хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхитэйгээр вакцинаа хийлгээрэй” хэмээсэн.

УДЭТ-ийн жүжигчин Г.Амгаланбаатар


УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар “коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна” гэж олны танил хүмүүсээс анх удаа шүгэл үлээсэн.
Тэрбээр “УДЭТ-ын уран бүтээлчид гуравдугаар сарын 6-нд “Анна Каренина” жүжгийг тоглож байлаа. Гэтэл уран бүтээлчдийн нэгээс халдвар илэрлээ гэх мэдээлэл гарсан тул тоглолтоо зогсоогоод танхимд байсан үзэгчдээ гаргасан. Ингээд тоглолтод оролцож байсан жүжигчид уран бүтээлчид гээд нийт 112 хүн тэр оройдоо PCR шинжилгээ яаралтайгаар өгсөн.
Шинжилгээний хариу маргааш нь буюу гуравдугаар сарын 7-ны 16.00 цагаас эхлэн гарч, сөрөг хариу хүмүүсийн гар утсанд ирсэн. Миний шинжилгээний хариу ирдэггүй. Оройн 20.00 цагаас утас дугарч УОК, ХӨСҮТ, цагдаагаас ярьж байна гээд таны хариу эерэг гарсан тул явсан маршрутаа хэлэхийг хүссэн.
Шинж тэмдгийн хувьд үнэрлэх мэдрэмж хоёр хоног алдсан. Гэхдээ бүрэн алдаагүй. Хүн хүнд өөр өөр шинж тэмдэг илэрдэг юм билээ.

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс яагаад ил гарч, мэдээлэл өгөхгүй байна вэ гээд гайхаад байдаг. Хүмүүс нийгмийн хандлагаас маш их айдаг юм байна гэдгийг би сайн ойлгосон. Нийгмээрээ намайг нулимах вий гэдгээс айдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гарч чаддаггүй юм байна гэж бодсон” гэв.