Улс даяараа бараг л хагас жилийн хугацаанд хатуу болон хэсэгчилсэн хөл хорионд амьдарч байна. Хөл хорио хийгээд байхад шинээр халдвар авсан иргэдийн тоо өдөр бүр 1200 давж, нийт нас баралт 70 руу дөхөж явна.

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд дор бүрнээ цар тахлын эсрэг ар гэр, үр хүүхэд, өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран чадлаараа зүтгэж байгаа.
Гэвч тэдний дээр “толгойлон” сууж, эрүүл мэндийн бодлогыг нь тодорхойлж, менежмент хийдэг сайд нь өмнөх сайд шигээ дор дор нь арга хэмжээ авч, алсыг харж ажиллаж чадахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй, сэтгэл дундуур байна. Шударгаар хэлэхэд, С.Энхболд сайд Эрүүл мэндийн салбарыг тэргүүлэхэд гологдож байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн өндөр албанд хүрэхээсээ өмнө Улсын хоёрдугаар эмнэлгийн захирал байв. Түүнийг ажлаа хүлээж авахаас эхлээд л “Улс төрд карвер хөөж байгаагүй, хээгүй гүндүүгүй эр байна” гэх магтаал сэр сэр сошиалд явж байсан. Гэхдээ Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг ингэж хээгүй гүндүүгүй удирдаж болохгүйг энэ цаг хугацаанд иргэд илүү мэдэрч байна. Харин ч бүр хариуцлагатай, мэдрэмжтэй хандах ёстойг өмнөх сайдын жишээ тодоор харуулсныг санах хэрэгтэй.

С.Энхболдыг Эрүүл мэндийн сайдаар томилогдоод удаагүй байхтай зэрэгцэн коронавирусийн эсрэг вакцин орж ирсэн. Хэдий өмнөх Засгийн газрын үед эхлүүлж, бэлэн болгосон ажил ч С.Энхболд хүлээн авч, иргэдээ вакцинд хамруулах ажлыг зохион байгуулсан учраас тэр ХАРИУЦЛАГАТАЙ байх ёстой.

Гэвч тэрээр сошиалд “сэвэгдсэн” хэдхэн асуултад л хариулт өгдөг. Бусдаар таг чиг.
Түүний хариуцсан яам нь зөвхөн нас баралт, шинэ халдварын тоог л хэлж байна. Сайн дур нь хүрвэл, хааяа ганц нэг зөвлөгөөг олон нийтэд бэлдэж хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл, С.Энхболдод хэрэгжүүлсэн төрийн бодлого, менежмент алга.

Уг нь тус салбарын эрдэмтэн судлаач дөрөв, тавдугаар сард ковидын тархалт өндрөө авна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргаж байв. Уг тооцооллыг үндэслэн урьдчилсан менежментийг хийх ёстой байсан юм.
Эрүүл мэндийн сайдын хувьд хариуцсан салбарынхаа бодлого, үйл ажиллагааг зөв тодорхойлж, үр дүнг урьдчилан харж хугацаанаас өмнө арга хэмжээ авах, санасан, төлөвлөсөн ажлуудаа хийж өөрийн үүрэгтэй. Энэ зөвхөн салбараа тэргүүлсэн сайдаас шалтгаалдаг.

Гэтэл өнөөдөр вакцинжуулалт нь зохион байгуулалт муутай, халдвар аюулгүй байдлаа бүрэн хангаагүй, иргэд вакцин хийлгэх гэж очоод халдварын эрсдэлд орж магадгүй нөхцөл байдалтай байгааг захын хүн хэлж байна.

С.Энхболд хөл хорионы өмнөхөн хоёрдахь тунгын вакцин бэлэн байгааг онцлоод “Вакцинжуулалтын хоёр дахь тунг өнөө маргаашгүй хийнэ, гэрийнхээ ойрхон газар очиж дархлаажуулалтад хамрагдаарай” гэж байв. Уг үгийг хэлээд 48 цаг болоогүй байхад хоёрдахь тун байхгүй, хүлээж байгаа гэдэг үнэнээ хэлсэн.

Өөрөөр хэлбэл, ЭМЯ-ны тэргүүн энэ хэцүү цагт салбартаа урьдчилж бэлтгэл базаагаагүй, поп улс төрч гэдгээ л харуулж явна.