“Нэг гүүр давж амьдравал, нижгээд баян, Хоёр гүүр давж амьдарвал, хосгүй баян” гэх хошигнол нийслэлчүүд бидний дунд байдаг.


Уг хошигнолд өгүүлснээр нийслэлийн сэхээтэн, боломжийн амьдралтай хүмүүс нь “хоёр гүүрний цаана” Хан-Уул дүүрэгт амьдардаг бололтой. Нийгмийн давхаргаараа ялгардаг тус дүүргийн оршин суугчид нэлээд ЭГО өндөртэй хүмүүс байдаг бололтой.
Ковидын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийн тоогоор тус дүүргийнхэн сүүл мушгиж байна.
Уг нь дүүргийнхээ 19 хороонд өдөр бүр ажлын цагаар урьдчилсан болон давтан вакциныг хийгээд байгаа аж.
Гэвч иргэдийн идэвхи сул байгаагаас хороо, СӨХ, хэсгийн ахлагч нар нь “Вакциндаа хамрагдаарай” гэж цагаан хоолойгоор хоолойгоо сөөтөл орилж яваа сурагтай.
Тус дүүргийн 13-р хорооны зохион байгуулагчаас вакцинжуулалт хэр явагдаж байгааг утсаар тодруулахад “Манай хорооны хувьд 50 гаран хувьтай явагдаж байна. Иргэдийн ихэнх нь Спутник V вакциныг хүлээж байгаагаа тайлбарлаад, вакцин хийлгэхгүй байна. Зарим нь хувийн эмнэлэгт хийлгэсэн гэх тайлбарыг өгсөн. Улсаас тарьж байгаа вакциныг хийлгэсэн хүмүүст одоогоор гаж нөлөөлөл гараагүй” гэв.

Хан-Уул дүүргийн 18-р хорооны иргэн А “Хятад вакцин хийлгэхгүй гээд гэр бүлээрээ хувийн эмнэлэгт тун тус бүрд 60 мянган төгрөг төлж Орос вакцин хийлгэсэн. Огт вакцин хийлгэхгүй гэсэн хүмүүс ч эргэн тойронд байна. Тэднийг хийлгэх ёстойг ялгаж байгаа” гэв.