Ням гариг бүр “Ододтой бүжиглэе” шоугаар үзэгчидтэй уулзах болсон Г.Дөлгөөн-Аюуш хамтран бүжиглэгч Т.Нандин-Эрдэнэ нар хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл чих дэлслээ.

Тэднийг ингэж хардах болсон шалтгаан нь шоуны эхний үед Г.Дөлгөөн-Аюуш хамтрагчдаа аймар хүйтэн хөндий хандлага гаргаж, нээх ойртохгүй мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлж байсан. Харин шат ахих тусам хамтрагчдаа халуун дотно хандаж, улмаар байнга тэвэрч зогсоод, магтах болгонд тэвэрч, жогтой харцаар нэгнээ хардаг болсон нь гярхай үзэгчийн хараанаас мултарсангүй. Олны үг ортой гэдэг шиг олонд төрсөн сэтгэгдэл үнэний ортой байх магадлалтай юм.


Single lady’s киноны Ханхүүгийн дүрээр олонд танигдсан жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш энэ жил 29 настай. СУИС-ийн кино драмын ангийг төгссөн жүжигчин, найруулагч мэргэжилтэй тэрээр “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны Батхүүгийн дүр, тайзнаа “Гамлет” жүжгийн Вольтимандын дүр, “Ромео Жульетта” жүжгийн хотын захирагчийн хүү Парис делла Скалагийн дүрийг бүтээж байв. Мөн “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй” зэрэг жүжгүүдээр бид түүнтэй “уулзжээ”.
Г.Дөлгөөн-Аюушыг олон улсын сайхан залуу шалгаруулах “Manhunt International-2010” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ тэмцээнээс “Үндэсний хувцас” төрөлд тэргүүлсэн тэрээр сайхан хөөмийлдэг.
Тэрээр багаасаа урлагтай ойрхон өссөн. Түүний ээж жүжигчин Б.Нарантуяа Chance Монголын кастингийн агентлагийн захирал юм.


15 настайгаасаа эхэлж бодибилдингээр хичээллэсэн бөгөөд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан түүх түүнд бий. Мөн “Эх орон дуудаж байна” киноныхоо нээлтийн үеэр “Эх оронч” тэмдэгээр шагнагдаж байжээ. Уг кинод “Ододтой бүжиглэе” шоуны хөтлөгч Ууганаатай хамт тоглож байв.
Г.Дөлгөөн-Аюуш зоос цуглуулах дуртай тэрээр хэзээ ч хошин урлагт тоглохгүй гэдэг зарчимтай гэсэн.

Сонирхуулахад, тэрээр ганц бие бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, тавьсан зорилгодоо тууштай ханддаг, даруухан зантай бүсгүй түүнд таалагддаг гэсэн шүү.