Монгол Улсад батлагдаж буй Covid-19 халдварын тохиолдол өдөр ирэх бүрт нэмэгдэж, иргэд олон нийтийн сүлжээнд мутацид орсон вирусын тархалт манай улсад байгаа эсэх тал дээр талцаж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцагандаа “Богино хугацаанд биеийн байдал хүндэрч нас барсан Covid-19-ийн хавсарсан шинжтэй тохиолдлуудыг иргэд монгол мутациар халдварласан гэж ташаа ойлгож байна. Вирусийн мутаци бол байнга явагдаж байдаг зүйл. Хор уршигтай гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаагаар “variants of concern” бүлэгт хамаарсан вирусийн төрлийг англи, энэтхэг мутаци гэх мэтчилэн нэрлээд байгаа. Монголын тухайд тийм хор уу чанар өндөртэй гарсан ямар нэгэн мутацийн хэлбэр байхгүй. Япон руу Монголоос явуулсан 20 сорьцод хийсэн судалгаагаар тодорхой генийн мутациуд гарсан.

 

Үүнийг судлуулахаар дахин генийн судалгаанд өгсөн байгаа. Монгол Улсад Covid-19-ийн мутаци аль улсаас хэзээ ороод ирэх бол гэж иргэд айх шаардлагагүй. Вирусууд байнгын хувиралд орж байгаа. Гэхдээ мутацид орно гэдгийг зөвхөн хор хөнөөл ихтэй байна гэж ойлгож болохгүй. Ямар ч сөрөг нөлөөгүй тохиолдол ч байдаг. Тэр бүхнийг бидэн шиг 20-хон дээж дээр хийсэн сорьцын шинжилгээгээр дүгнэж болохгүй. Бид зөвхөн халдварын тархалтыг хумих хүрээнд ийм судалгааг хийж байгаа шүү, судалгааны дүнгээр мутацийн тохиолдол гарсан. Цааш үргэлжлүүлэн судлах хэрэгтэй.

Энэхүү мутацийг аюултай эсэх, хорт чанартай байгаа талаар тодорхой дүгнэлтүүд гараагүй байна.
Мутаци гэдэг бол тогтмол явагддаг үзэгдэл. Вирусийн мутаци нэг хүнээс нөгөө хүний биед халдвар шилжихэд илэрч байдаг. Бид хоёр төрлийн судалгаан дээр үндэслэж баталгаажуулах шаардлагатай юм байна гэдэг шийд гаргасан.

Хүн амын дунд батлагдсан дотоодын хоёр тохиолдолд мутацийн шинж тэмдэг илэрсэн байгаа. Covid-19 мутацид орсноор хатгалгаа туссан хүндэрсэн гэдэг асуудал бол ташаа мэдээлэл” гэжээ.