Монголын нийтийн дууны ертөнц гоёхон цэцэгс шиг залуу сайхан бүсгүйчүүдээр бүл нэмж бид өдөр бүр шинэ танилтай болж байгаа.

Хэдийгээр нийтийн дуучдыг ийм тийм гэж янз бүрээр хэлдэг ч тэд нийтэд зориулж уран бүтээл хийдэг учраас бусдаас хурдан олны танил болдог нь маргашгүй үнэн. Цаг үеэ дагаад зөвхөн хөдөөнийхөн нийтийн дуу сонсдог, нийтийн дуучид тэдэнд зориулж дуулдаг гэх ойлголт ард үлджээ. Шинэ салхи, шинэ мэдрэмж, шинэ үе айсуй. Шуугиант түрлэгийн эхний эгнээнд дуучин СТА Э.Чулуунчимэг зогсоно, бас бичигдэнэ.
Ихэд дотогшоо, цэгцтэй илэрхийлэлтэй, бүрэн төлөвшсөн чамбай бүсгүй бол дуучин Э.Чулуунчимэг. Өөрийгөө олсон гэгддэг тэрээр БИ гэх үзэлгүй учраас олон найз нөхөдтэй. Тэрээр өөрийнхөө гадаад үзэмжийг хэнээр ч заалгахгүй бүрдүүдэг гэнэ лээ.

Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Надад гадаад имиж тал дээр хувийн зөвлөх байхгүй. Өөрөө өөртөө менежерээ хийгээд бүх юмаа өөрөө амжуулдаг. Мэдрэмжээрээ имижээ бүрдүүлээд суралцаад явж байна. Хөөрхөн сайхан гэдэг хоёр ондоо ойлголт. Би бол хэзээ ч өөрийгөө хөөрхөн хүүхэн гэж боддоггүй. Хөөрхөн хүүхэн гэдэг чинь цаанаа эгдүүтэй ч юм шиг нэг тийм хүүхнүүд байдаг даа. Сайхан гэдэг бол ондоо ойлголт. Эхлээд өөрийгөө хараад тайзан дээр гарахаар түрүү үеийн мундаг ах эгч нар шигээ бүр гоё харагдмаар санагдаад дутуу юм шиг санагддаг байлаа. Оюутан байхад нүүрэн дээр хааяа юм гарахаар сэтгэлээр унаад л. Дуучин эгч нар гэхээр дандаа гоё гоё гөлийсөн арьстай байдаг. Сайхан харагдахад зөвхөн хөөрхөн царай чухал биш. Би анх тайзан дээр гарахдаа бөгтийж дуулдаг байсан.

Одоо бол тайзан дээр шууд автоматаар нуруу цэх болдог. Удаан дуулж байгаад буухад нурууны булчин чангарчихсан байдаг. Энэ мэтээр бага багаар дадаж байна. Гэхдээ мэдээж хүн намайг сайхан хүүхэн гэж ярихад сайхан байдаг” гэжээ.