Барилга, зам засвар, айл өрхийн хашаа, байшингийн их засварын ажил эхлээд буй энэ өдрүүдэд бараа, материалын төрөлжсөн захуудад үнэ ханш хэр байгааг сонирхлоо.
Нийслэлд томоохонд тооцогдох, иргэдийн зорьж үйлчлүүлдэг хэд хэдэн зах бий. Барилгын материалын төвлөрсөн цэг 100 айл, “Гермес”, “Цайз”, төмөр хийц, элс, хайрга борлуулагч гол цэг болох Гурвалжин, “Тэх” барилгын материалын захуудаар үнэ ханшийн судалгаа хийлээ.

“Цар тахлын улмаас хүн цөөнтэй байж мэдэх юм” гэж бодсоор очтол байдал төсөөлснөөс тэс өөр байв. Хүмүүс барилгын материал авахаас илүүтэй асууж сураглах нь их байгаа аж. Барилгын материалын үнэ өмнөх оны мөн үеийнхээс эрс өсөөд байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгааг худалдагч нар онцолж байсан юм.

Барилгын жижиглэнгийн барааг зардаг лангууны худалдагч “Хил хаалттай болохоор харанхуй захиалга л хийж байна, буруу зөрүү бараа их ирэх юм. Худалдан авалт муу байна” хэмээцгээж байв. Урин дулаан болж байгаа учраас иргэд байр, байшингаа засахаар обойн дээр дугаарлана. Жил бүрийн өдийд иргэдийн хамгийн их худалдан авалт хийдэг бараа материалын тоонд ханын цаас (обой), гадна болон дотор ханын эмульс, цемент, тааз, төрөл бүрийн будаг, хана, шалны плита, оффисын болон бүргэд хаалга, бусад барилгын материалын жижиг хэрэгслүүд багтдаг аж.

Барилгын материалыг оруулж ирсэн улс болон материал, чанараасаа шалтгаалж үнийн дүн ялгаатай. 1.6- тай ханын цаас 40 мянган төгрөгийн ханштай байгаа бол Хятадаас оруулж ирсэн 10×0.53-тай ханын цаас 7000-55000 мянга хүртэлх ханштай байх жишээний.

Обой зарж буй худалдагчаас борлуулалт хэр байгаа талаар тодруулахад “Хөл хорио тогтоогоод энэ өвөл ажилласангүй. Өнгөрсөн оны аравдугаар сард захисан бараагаа сая л хүлээж авлаа. Гуравдугаар сар гарсаар иргэдийн хөдөлгөөн бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа нь анзаарагдаж байна. Борлуулалт ч сүүлийн хэд хоногт нэмэгдэж байна” гэсэн юм.
Байшингийн дээврийн төмөр хийц зардаг худалдагчаас иргэд гол төлөв ямар дээврийн төмөр ашиглаж байгаа талаар тодруулахад “Метр нь 8000 –аар худалдаалагддаг төмрийг л илүү сонирхох юм. Бат бөх чанар нь бусдаасаа илүү байдаг нь ч нөлөөлдөг биз” гэж байлаа. Дээврийн төмрийн үнэ 6000-9000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.

Барилгын материалын эд эрэлттэй үе нь яг өдийд тохиож байгаа ч захууд дээр иргэд худалдан авалт хийхээсээ илүү материалын үнэ ханшийг сонирхож судалж аль болохоор хямд барааг хайж явна. Харин худалдаа эрхлэгчид цар тахлын нөхцөл байдал бидний борлуулалтад маш ихээр нөлөөлж байгааг онцлов.
Барилга байшингийн суурь тавихаас эхлээд өрлөг хийхэд хүртэл хамгийн ихээр ашиглагддаг материал бол цемент. Тонн цемент оны өмнө 150 орчим мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр 60-70 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Улаанбаатарын 22-ын товчооны үйлдвэрт тонн цементийг 198000 төгрөгийн ханштай (монцемент) байна. Зарим газар Мак евро цементийг 250000 мянган төгрөгийн үнээр ч зарах газар тааралдсан юм. Үнэ өсч байгаа гол шалтгааныг ченжүүдтэй холбож тайлбарлах хүмүүс олон байлаа. Цемент сурагласан иргэд дотоодын үйлдвэрийн цементийг онцолж авч буй анзаарагдсан юм.

Барилгын гол материал арматурын төмрийн үнэ оны өмнө нэг сая 300 орчим мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр катанги нь 2.1 сая орчим төгрөг болж өсчээ. Хил хаалттай үед олон дамжлага дамжиж худалдаачдын гарт ирж байгаа нь үнэ өсөхөд голлох нөлөө үзүүлсэн талаар бизнес эрхлэгчид хэлж байна.
Харин модны үнэ ханшны тухайд “Цайз” захад хашааны банз 60000-120000, дэр мод 4000-5000, хар мод 6000-12000, палкан мод 40000-80000 төгрөгийн ханштай зарагдаж байна.