Өнгөн тал нь сайхан ч мөн чанартаа базаахгүй зүйлийг монголчууд “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” хэмээдэг. Үүнтэй төстэй нэг ургамал байна. Нэг их гоё шар цэцэгтэй хэр нь угтаа бол хөрсний “алуурчин” юм тэр.т

Хөрсний үржил шимийг ховх сордог рапсыг манай тариаланчид уг нь сайн мэднэ. Олны ярьж буйгаар рапс тарьсан талбайд 4-5 жилийн турш сул шороо пургидаг гэх юм билээ. Гэвч хүн бүхэн мөнгөнд дуртай учраас улаанбуудайн талбайнаасаа хүртэл илүүчилдэг болжээ. Ингээд л хаврын хавсарга, зуны халуунд хөдөө хөхөрч, гадаа гандсан хэдэн тариаланчдад маань аятайхан санагдаад байгаа юм, энэ рапс.

Рапсаар ургамлын тос үйлдвэрлэдэг. Үүнээс гадна маргарин, саван, арьс шир, сүлжмэл, төмөрлөгийн үйлдвэрлэлд ашигладаг. Жилийн жилд л албаны хүмүүс ширээнийхээ араас “Рапс тарих талбайг багасгана” гэж мэдэгддэг. Харин намар ургац хураалтын үеэр тариалсан талбай, хураасан тоо хэмжээ нь өсчихдөг “шид”-тэй ургамал.

Нэгэнт тариалсан л бол хөрс голдоггүй, арчилгаа багатай бас ашгаа хурдан өгдөг учир сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс ч газар тариалангийн салбарт “урвах” болжээ. Хамгийн сонирхолтой нь манай томоохон уул уурхайн зарим нэг компани рапс тарих ажилд ханцуй шамлан орсон гэдгийг зарим хүн хэлж байгаа. Уулыг нурааж, усыг эргүүлж сурсан тэдэнд Төв Азийн эмзэг хөрс огтхон ч хамаагүй бололтой. Рапсаар ургамлын тос үйлдвэрлэдэг. Үүнээс гадна маргарин, саван, арьс шир, сүлжмэл, төмөрлөгийн үйлдвэрлэлд ашигладаг юм байна. Монголчуудын хувьд “Алтан” тосноос өөр юу ч хийдэггүй нь тодорхой. Тиймээс үйлдвэржээгүй гэдэг сэтэртэй манай улсад рапсыг их хэмжээгээр тариалах шаардлага бараг байхгүй.

Тэгвэл зах зээлийн хуулиараа эрэлт байгаа газарт нийлүүлэлт өсөх нь гарцаагүй. Анх хятадууд 2004 оноос рапсын үр авчирч Монголын дагшин хөрсөнд суулгаж, мэргэжилтнээ хаваржуулж, зусуулдаг байжээ. Намар болонгуут рапсаа хураасан хятад тариачин нүүдлийн шувуутай хамт нутаг буцдаг. Ингэхдээ талбай ашигласны түрээс гэж хэдэн төгрөг газрын эзэнд атгуулахаа мартахгүй. Энэ хугацаанд манайхан ч рапс тариалах технологийг мэдэж авалгүй яах вэ. Харин одоо өмнөд хөршийн “сайн найз”-ууд маань намар болохоор ахиухан мөнгөтэй ирж, Монголын үржил шимтэй хөрсөнд ургасан рапсыг 100 хувь худалдаж авдаг болжээ.

Хятад бол хэдэн мянган жилээр яригдах газар тариалангийн баялаг түүхтэй орон. Рапсын эрэлт хэрэгцээ нь өслөө ч иймэрхүү асуудлыг түвэггүйхэн шийдэх туршлага тэдэнд бий. Тэгээд ч технологи гэдэг зүйлийг тийм амархан алдахгүй, дотор газрын ухаан хэцүү.

Үнэндээ манай улсын газар тариалан гэгч тэдний хажууд “ногоон”-оороо салбар. Монголын хөрс ч хүүхдийн зулай шиг эмзэгхэн гэдгийг судлаачид анхааруулсаар байна. Жилээс жилд талбайн хэмжээгээ өсгөсөөр одоо бүр Сэлэнгэ, Булган, Төв аймаг буюу газар тариалангийн бүсээс хальж Хэнтий, Дорноговь хүртэл хаяагаа тэллээ.